Монголын уламжлалт “Сар шинийн баяр” болох гэж байгаатай холбогдуулан Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дээрх арга хэмжээний хүрээнд өнгөрсөн 7 хоногт явган эргүүлийн 1301 чиглэлд 2700, авто эргүүлийн 1092 чиглэлд 2182 алба хаагч хяналт шалгалтаар ажиллаж 19 гэмт хэрэг, 4097 зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.
Өнгөрсөн жилүүдэд “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд гэр, орон сууц /гэр хороолол/ зуслангийн бүсэд хулгайлах гэмт хэрэг гарч цагдаагийн байгууллагад ихээр бүртгэгдэж байсан. Гэмт этгээдүүд амар хялбар аргаар зарж болох мөнгөн эдлэл, аяга, үстэй дээл, цагаан идээ, ууц, өвчүү, бууз зэрэг хялбар борлуулагдахуйц эд зүйлсийг хулгайд алдсан талаар дуудлага, мэдээлэлд ирсэн.
Иймд иргэд “Сар шинийн баяр”-ын олон хоногоор хөдөө явж гэр, орон сууцаа эзэнгүй олон хоног үлдээдэг. Олон хоног гэр, орон сууцаа эзэнгүй үлдээх гэж байгаа бол та хаалга, цоожны бүрэн бүтэн байдлыг шалгаж, ойр дотны хэн нэгэн сайтар захиж, монгол гэр, сууцны үүдны амбаар зэргийг ил цоожоор цоожлохгүй байх зэрэг зүйлийг анхаарах нь хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэж чадна.
Мөн зах, худалдааны төв, үзэсгэлэн худалдаа, автобусны буудал, олон нийтийн газраар явах, үйлчлүүлэхдээ иргэд та бүхэн гар утас, хэтэвч зэрэг эд зүйлээ алдах эрсдэл их байдаг учир болгоомжтой байх. Архи согтууруулах ундааны зүйл худалдан авахдаа онлайн цахим худалдаа хийхгүй байх, чанар стандартын акцтай эсэхийг шалгаж үзэн худалдан авалт хийх.
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа зочид, гийчдэдээ согтууруулах ундаа өгөхөөс татгалзахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна