Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ринчиндоржийн согтуугаар гаргасан ослыг НУУН ДАРАГДУУЛЖЭЭ

Admin
2025/02/20

Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ринчиндорж согтуугаар автомашин жолоодож, осол гаргажээ.

Тодруулбал, энэ сарын 18-ны оройн 20.00 цагийн орчимд тус аймгийн Хөдөлмөр халамжийн газрын автомашин болох Тоёота ланд-круизер 200 маркийн, 0011-ЗАА улсын дугаартай автомашин Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутагт замын хажуугийн хашлага мөргөж, осолдсон байна.

Осол гарах үед тус автомашиныг Хөдөлмөр халамжийн хэлтсийн дарга Б.Ренчиндорж жолоодож явсан гэх бөгөөд түүний хажууд  Завхан аймаг дахь Цахилгаан сүлжээ холбооны газрын дарга н.Дамдинбазар нар хамт байжээ.

Тэд осол гаргах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх ба тухайн үед албан ажлаар цуваанд явж байсан гэх. Улмаар тухайн орон нутагт аялан тоглолтоор явж байсан дуучдын тусламжтайгаар эвдэрсэн автомашиныг аймагт хүргэж, албаны гаражид байршуулжээ.

Гэвч согтуугаар автомашин жолоодож, осол гарган  200 сая төгрөгөөр үнэлэгдэх албаны автомашин эвдэлж, улсын хөрөнгө үрэгдүүлсэн энэ хэрэг гараад хоёр хоног өнгөрч байхад хариуцлага тооцох тухай асуудал яригдаагүйгээр барахгүй уг ослыг удирдах албан тушаалтнууд хуулийн байгууллагаас нууж байж болзошгүй байна.  

Угтаа бол Монгол Улсын Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өнгөрөгч онд нэмэлт өөрчлөлт оруулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялын бодлогыг чангатгасан хэдий ч албан тушаалтанд үйлчилдэггүй “дабл стандарт” хэвээр байгаа нэг жишээ бол энэ юм. 

Зөрчлийн тухай хуульд зааснаар дараах шийтгэл ногдуулна хэмээн заажээ. Тухайлбал, 
  • Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2.700.000-14.000.000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял онооно.
  • Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдээд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хасах, 2.700.000-14.000.000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулна.
  • Согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол Эрүүгийн хуульд заасны дагуу жолоодох эрхийг 3-5 жил хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жилээр хорих ял оногдуулна.
  • Согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ зөрчил гаргаж, хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, эсвэл 1-5 жилээр хорих ял оногдуулна. Согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна.

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.113.9
2025/02/20
0
0
Өөрийгөө удирдах чадваргүй архичингуудыг шууд огцруул!!!
Хариулах