Нийслэлийн “Энэрэл” эрүүл мэндийн төвийн эмнэлгийн эмч, ажилчид эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга асан А.Сувдаа өнгөрсөн аравдугаар сард эл эмнэлэгт даргаар сэлгүүлэн томилогджээ. Түүний хувьд Хан-Уул дүүргийн даргаар ажиллаж байх хугацаандаа эмч, ажилчдынхаа 6-7 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, цалин тасалдуулсан зэрэг олон асуудлууд үүсгэж удирдах албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг.
Ингээд Энэрэл эмнэлэгийн даргын томилгоонд ирсэн ч энэ эмнэлэгт мөн дээрх алдаа дутагдлаа гаргаад зогсохгүй эмч, сувилагч нарт ажлын дарамт үүсгэж, албан бус томилгоонуудыг хийгээд буй. Улмаар Энэрэл эмнэлэгийн эмч, ажилчид дарга А.Сувдааг ажлаас нь чөлөөлөх хүсэлт гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Мөн түүнчлэн холбогдох яам, тамгын газруудад албан бичгүүдээ хүргүүлээд байгаа аж.
Эмч, ажилчдын хэлж буйгаар, “Манай байгууллага 20 гаруй жил хэвийн үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин өнгөрсөн 10 сард А.Сувдаа дарга ирсэнээс хойш манай эмэнэлэг дээр албан бус томилгоо, ажлын байрны дарамт тасрахгүй байгаа төдийгүй бид хуулиар олгогдох цалингийн 6 хувийн нэмэгдэлээ авч чадахгүй байна. Түүгээр зогсохгүй А.Сувдаа даргын ажлаа хүлээж авсанаас хойш өөрийн хамаарал бүхий 14 хүнийг даргын албан тушаалд томилж жирийн ажилчдыг үндэслэлгүй ажлаас халж байгаа. Мөн түүнчлэн өөрийн томилсон дарга нартаа цалингийн 25 хувийн нэмэгдэл олгож харин эмч, сувилагчдынхаа цалингийн нэмэгдэлийг огт олгохгүй байгаад асуудал байна.
Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж чадахгүй алдаа дутагдал асуудал үүсгээд ажлаасаа халагдсан хүн яагаад дахиад дарга болж байгаа юм бэ. Бид энэ хүнийг ирсэнээс хойш тайван ажлаа хийж чадахгүй байна” гэлээ.
Сэтгэгдэл (18)