Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэг сая ам.долларын шагналын сантай "Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний Playoffs буюу хасагдах шатны тоглолтууд өнөө шөнө эхлэх гэж байна.
Энэ тэмцээнд урилгаар манай улсын "The MongolZ" баг В хэсэгт хоёр хожиж, нэг хожигдсон. Ийнхүү хэсгээсээ хоёр байраар гарч, Playoffs шатанд тоглох эрхээ авсан юм.
Манай улсын баг шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө Туркийн "Eternal Fire" багтай 11 мянган хүний суудалтай "Spodek" цэнгэлдэх хүрээлэнд өнөө шөнийн 22:45 цагт тоглоно.
"Intel Extreme Masters Katowice 2025" тэмцээний Playoffs шатанд нийт 6 баг тоглодог бөгөөд хэсгээсээ 1- байраар гарсан хоёр баг шөвгийн дөрөвт шууд шалгардаг. Харин хэсгээсээ хоёр, гуравдугаар байраар шалгарсан багууд хоорондоо шөвгийн дөрвийн төлөө өрсөлддөг.
Өнөөдрийн тоглолтод манай улсын баг хожвол Францийн багийн эсрэг энэ сарын 8-ны 22:45 цагт тоглох хуваарь гарна. Францийн багийн хувьд А хэсгээс нэгдүгээр байраар шалгарсан тул шөвгийн дөрөвт тоглох эрхтэй болсон юм. The MongolZ өмнө нь Туркийн "Eternal Fire" багтай 5 удаа тоглохдоо 3-т нь хожсон гэсэн үзүүлэлттэй байгаа. Хоёр багийн тоглолт "Во3" журмаар явагдана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна