Үр хүүхэд гэдэг үнэт эрдэнэ болохоос биш үүргэвчтэй бараа таваар биш юм. Нэг талд айл гэрийг гийгүүлэх үр хүүхэд хичнээн хүсэвч олдохгүй байхад нөгөө талд хэвлийдээ бойжиж буй хүй нь тасраагүй үрээ үрчлүүлэх талаар хэлэлцэж байр, машин нэхэж байгаа асуудал нийгмийг эмзэглүүлж эхэллээ.
Цахим орчин дахь нэгэн групп дээр хүүхэд үрчилнэ, өргүүлнэ гэсэн зар яг л ажлын зар шиг цуварч байна. Эдгээр дундаас нэгэн эмэгтэй хүүхдээ “өргүүлнэ” гэсэн хүмүүс “байр машин” нэхэж байна гэсэн пост анхаарал татсан юм.
Үрийн зулай үнэрлэх боломжгүй эмэгтэй үр хүүхэд хүсч холбогдоход өөдөөс нь байр машин, бүр цаашлаад 150 сая төгрөг нэхэж бяцхан зүрхээр наймаа хийж байгаа талаар тухайн эмэгтэй бидэнд учирласан юм.
Хүүхэд үрчилж авахаар холбогдсогн эмэгтэй: “Би хүүхэд өргөж авахаар хэд хэдэн хүнтэй холбогдсон. Хамгийн сүүлд нэг хүнтэй холбогдоход 1 сард төрөх гэж байгаа гэсэн боловч бусадтайгаа ижил маш их хэмжээний мөнгө, амьдрах зардал нэхэж байна. Би өөрөө тийм ч их баян цатгалан хүн биш. Амьдарлын эрхэнд зулайг нь үнэрлэх ганц хүүхэдтэй болох л хүсэлтэй. Гэтэл хүмүүс хашаа байшин, байрны урьдчилгаа машин тэрэг мөн түннчлэн тухайн айл бага насны хүүхэдтэй бол тэр хүүхдийг 18 нас хүртэл нь сар бүр мөнгөн тэтгэмж өгөх гэх мэтчилэн маш их зүйл нэхэж шаарддаг юм байна. Ерөнхийдөө нэг бяцхан зүрхээр наймаа хийж байна уу даа гэж харж байна. Угтаа хүнд хүн өгнө гэдэг хамгийн том буян байдаг. Гэтэл түүнийг буян биш ашиг хонжоо болгож байгаад харамсалтай байна. Үнэхээр чин сэтгэл хүүхдээ үрчлүүлэх хүн байвал арай өөр хандах байх. Гэтэл надаас 150 сая төгрөг, байр машин нэхэж ашиг хонжоо хайж байгаа нь дэндүү харамсалтай санагдаж байна” гэлээ.
Эцэг, эхчүүдийн хээв нэг хэлэх хатуу үгний цаана бүхэл бүтэн хүний амь нас, улс орны ирээдүй оршин байна. Өргөж авах, өргүүлэх гэдэг хувь хүний асуудал. Гэхдээ энэ асуудлын учир шалтгаан нь юунд байгаа талаар бид эрэн хайлаа.
Ид хийж бүтээх 20-оос дээш насны залуус ажил олдохгүй, мөнгөгүй учраас хүүхдээ тэжээж чадахгүй, насанд хүрээгүйчүүд нь өсвөр насны хүүхэд учраас өөрөө өсгөх боломжгүй гэх шалтгааныг хэлээд сууна гэдэг бол эмгэнэл.
16 Настай охин өөрийн хэвлийдээ бойжиж байгаа үрээ хүйн тасраагүй байхад өргүүлэх талаар нэгэнт шийджээ. Тэр охиныг С гэж нэрлэе. Тэрбээр зургаан хүүхэдтэй айлын дөрөв дэх хүүхэд. Одоо 16 настай төдийгүй ирэх хоёдугаар сард амаржиж охинтой болох юм. Ээж аав нь өөрсдөө олон хүүхэдтэй учир зээ охиноо тэжээх боломжгүй гэх шалтгаанаар өргүүлэх гэж байгаа талаараа ингэж ярилаа.
16 настай охины ээж: Охин маань өөрөө дөнгөж 16 настай. Нөхөр бид хоёр өөрсдөө тав зургаан хүүхэдтэй, Бага хүүхэд маань 1 настай. Мөн охин маань сургуулиа төгсөөгүй жаахан байгаа учраас хүнд өргүүлэх талаар бид ярилцсан юм. Нөхөр маань том тэрэгний жолооч 14 хоног ажилдаа яваад 14 хоног амардаг. Нэг хүний цалингаар энэ олон хүнийг тэжээх гэдэг өнөөдрийн нийгэмд хүнд байна. Охиныхоо хүүхдийн эцэгтэй нь уулзахад “хүүхдээ авахгүй” гэсэн” гэлээ.
Энэ мэтчилэн үрээ голсон эм, ашиг хонжоо хайсан аав ээжүүд цензүргүй шүүлтүүргүй цахим орчинд борооны дараах мөөг шиг олширсоор байна. Монгол улсад 2023 оны байдлаар нийт 1521 хүүхэд үрчлүүлжээ.
Сэтгүүлч миний бие энэхүү сурвалжилгаараа хэд хэдэн асуудлыг хөндөж байна.
Нэгт, Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын жирэмслэлт нийгмийн тулгамдсан асуудал болоод байна. Монгол улсад жилд 80 мянга орчим төрөлт бүртгэгддэгээс арван хувийг нь өсвөр насны охид эзэлж байна гэсэн судалгаа бий. Хамгийн сүүлд л гэхэд 10 настай охин жирэмсэн болсон гэх мэдээлэл нийгмийг сэртхийлгэсэн юм. Ингээд хүүхдээрээ байгаа хүмүүс хүүхэдтэй болоод хэрхэн бойжуулах, амьдралд яаж хөл тавих, хүнд өргүүлэх үү худалдах уу гэдэг сэтгэл эмзэглэм асуудал залуу гэр бүлүүдийн хаалганы цаадах хүнд болоод сэдэв болж эхэллээ.
Мөн түүнчлэн цахим орчинд эцэг эхчүүд үнэхээр хүүхдээ үрчлүүлж байгаа юу эсвэл түүгээр дамжуулан ашиг хонжоо олж байгаа юу гэх асуудлыг хөндлөө.
Дүгнэлтийг үзэгч танд үлдээе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна