Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж, шүүгч Б.Ихтамир, Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч Ч.Мядагбадам Насанд хүрээгүй хохирогч Д, хууль ёсны төлөөлөгч Тунгалаг түүний өмгөөлөгч Өлзиймаа, шүүгдэгч А түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар яллагдагч А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар холбогдсон гэмт хэрэгт буруутган 14 жилийн ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв гэжээ.
Энэхүү шүүхийн шийдвэрийн цаана чухам юу болж өнгөрсөн талаар хэрэгт холбогдогч хоёр талаас тодрууллаа.
-Алба хааж байхдаа өөрөө ч мэдэлгүй гэнэт ялтан болж, яллах тогтоолоо цэргийн анги дээрээ гардан авсан 21 настай хүүгийн ээж Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт итгэж залбирч суугаагаа хэлж байна.
Ээжийн ярианаас анхаарал татаж байгаа зүйл нь цагдаагийн алба хаагч хуулийн өндөр ялтайг сануулан мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүй авсан. Мөн хэргээ хүлээвэл бага ял авна гэх мэтээр өөрийн ажлаа амар хялбар аргаар хийхэд анхаарчээ.
ТЕКСТ: Харин энэ хэсгээс үзэгч та нэг зүйлийг харж болно. Шоронд хоригдож байгаа хүүг нь гэмт хэрэг хийгээгүй гэж хохирогч гэх охин өөрийн амаар болон албан бичгээр шүүхэд хүсэлт гаргаж байхад хүлээн аваагүй нь дараагийн хууль бус үйлдэл.
Хохирогч болон гэрч мэдүүлэгээсээ буцаж болно гэсэн хуулийн заалт Монгол улсад хэрэгждэг. Тодруулбал, мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлэг нь бусдыг гүтгэсэн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан бол Эрүүгийн хариуцлага хүлээдэг. Харин энэ тохиолдолд буюу насанд хүрээгүй хохирогч худал мэдүүлэг өгсөн ч Эрүүгийн хариуцлага хүлээдэггүй байна.
Охиныг нь байцаагч ямар хэргээр асууж шалгааж байгааг ч бүрэн ойлгоогүй ээж. Харин нөгөө талд найзуудынхаа дунд сэтгэлдээ харж явдаг зэргэлдээ айлынхаа ах нь тоохгүй байхад нь түүнтэй үерхдэг байсан гэж худал хэлсэндээ харамсан нулимс дуслуулах охин.
Түүнчлэн гол нотлох баримт гэгдэж буй насанд хүрээгүй гэрчүүдээс авсан хагас дутуу, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдүүлэгээс өөр хавсаргах нотлох баримтгүй хэрэгт цэл залуухан хүүг 14 жил торны цаана суулгахад хүргэжээ.
Дархан- Уул аймгийн нэгэн сумын төлөөлөгч насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд ам дамжин яригдсан ховыг Эрүүгийн онц ноцтой хэрэг болгосн уу гэх асуудал энд хөндөгдөнө. Насан хүрээгүй хохирогч болон гэрчээс мэдүүлэг авахдаа хууль сануулахгүй, хөтөлж асуухгүй, заавал өмгөөлөгч байлцуулна авна гэсэн зарчмуудыг зөрсөн нь харамсалтай хэрэг рүү хөтөлсөн байна.
Энэ хэргээс үүдэн нэг охин сумандаа гэмтгүй хүнийг гүтгэсэн гэж адлагдаж, харин нэгэн хүү залуу насаа торны цаана өнгөрөөх цөвүүн цаг дор хоёр айлын гишүүд амьдарч байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна