ТАНИЛЦ: Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх ХУУЛИУД

Admin
2025/01/02

Өнөөдрөөс мөрдөгдөж эхлэх хуулиудыг нэгтгэн танилцуулж байна.

ОДОНТОЙ ЭХИЙН ТЭТГЭМЖ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ

     Засгийн газрын 2024 оны зургадугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар Эхийн алдар одонтой эхэд олгодог мөнгөн тэтгэмжийг хоёр дахин нэмэх шийдвэр гаргасан.

Эхийн алдар-I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200  мянга, II зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгодог. Тэгвэл I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, II зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болгон нэмэгдүүлж байгаа юм. Уг шийдвэр өнөөдрөөс буюу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

ЗЭВСЭГТ ХҮЧИН, ХИЛИЙН ЦЭРГИЙН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ 10-25 ХУВЬ БОЛНО

     Төрийн албаны тухай хуулийн 7.1.4.-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах" зарчим баримтална гэж заасан.

Уг хуулийн зохицуулалтын дагуу “Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт цэргийн албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг Засгийн газрын 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар шинэчилсэн. Уг журамд, зэвсэгт хүчин, хилийн цэргийн офицер, ахлагч 10 хувь, дотоодын цэргийн офицер, ахлагч 15-25 хувь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хорих байгууллагын албан хаагчид 10-25 хувийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 25 хувиар тооцож, сар бүр олгох тогтоол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ.

АВТОМАШИНЫ АЛБАН ТАТВАР НЭМЭГДЭНЭ

    НИТХ-ын хуралдаанаар баталсан автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын шинэчилсэн тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Шинэчилсэн тарифаар жолооч нар автомашины моторын багтаамжаас хамаарч дараах байдлаар татвар төлөх юм.

НИТХ-аас гаргасан моторын багтаамж:

2000 хүртэлх бол жилд 100 мянган төгрөг

2001-3000 бол жилд 150 мянган төгрөг

4000-с дээш бол жилд 250 мянган төгрөг болгож нэмсэн.

АХМАД НАСТНЫ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАВАЛ ХОРИХ ЯЛ ОНООНО

      Ахмад настны хуульд тусгаснаар, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг ахмад настан гэнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 хувь буюу 345 мянган ахмад настан байна.

Тэгвэл 2020-2022 оны байдлаар Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд хандсан ахмад настны эсрэг үйлдсэн хүчирхийллийг хэлбэрээр нь ангилахад эдийн засгийн хүчирхийлэл 36 хувийг эзэлжээ. Эдийн засгийн хүчирхийлэл гэдэгт ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нь зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулах зэрэг үйлдэл орно. 

Иймд, Эрүүгийн тухай хуульд:

1.3. "тэтгэвэр, тэтгэмж, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”

Зөрчлийн тухай хуульд:

4.5. "Ахмад настны тэтгэвэр, тэтгэмжээ ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан.

АВТОБУСААР ЗОРЧИХДОО 1000 ТӨГРӨГ ТӨЛНӨ

     Иргэд автобусаар зорчихдоо 500 төгрөг төлж, 30 минутын дотор дамжин суувал нэмэлт төлбөр төлөхгүй байх зохицуулалт үйлчилж байсан. Тэгвэл 2025 оноос иргэд автобусаар зорчихдоо 1000 төгрөг төлж, өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино.  

Хэрэв дөрвөөс дээш удаа зорчихоор бол дахин 1000 төгрөг төлнө. Түүнчлэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих заалт хүчингүй болсон тул мөн 1000 төгрөг төлж зорчих юм. Харин ахмадууд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчсон хэвээр байх юм.

ТӨРИЙН АЛБАН ХЭРГИЙГ КРИЛЛ БОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ

Монгол хэлний тухай хуулийн 11.1.4-т "Төрийн захиргааны бүх шатны байгууллагын төрийн албан хэрэгт крилл болон үндэсний бичгийн хэлний хэм хэмжээг мөрдүүлж хэвшүүлэх ажлыг зохион байгуулах" гэсэн заалт бий. Энэ заалтыг өнөөдрөөс мөрдөж эхлэх юм.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ ЗУРГААН ХУВИАР НЭМНЭ

     2025 онд 226.2 мянган төрийн албан хаагчдын цалинГ инфляцын түвшинтэй уялдуулан зургаан хувиар нэмэгдүүлэхээр тооцсон. Ингэснээр төрийн захиргааны болон төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээ 1,166.0 мянган төгрөг (суманд 1,632.4 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 1,399.2 мянган төгрөг), төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчийн цалингийн доод хэмжээ 954.0 мянган төгрөг (суманд 1,335.6 мянган төгрөг, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт 1,144.8 мянган төгрөг) болж нэмэгдэхээр байна.  

ТЭТГЭВРИЙГ ЗУРГААН ХУВИАР НЭМНЭ

  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан. Хуулийн энэ заалтын дагуу Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэврийг хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ.

    Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 689 мянган  төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 572,400 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон. Тэтгэврийн хэмжээг зургаан хувиар нэмэгдүүлэхэд 297.4 тэрбум төгрөг зарцуулах юм.


0
angry
1
care
5
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна