Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэй хайрханд дэлхийн хүнд газрын ховор элементийн шинэ эх үүсвэр болж, нийлмэл исэл гаргаж авах зорилгоор хайгуулын болон ажил судалгааны хийж байгаа юм. Празоди, неоди, диспрози, терби гэх мэт 17 элемент Дэлхийн хүнд газрын ховор элементэд хамаарна. Эдгээр элементээр гар утас, компьютер, камер зэрэг төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхэд ашигладаг байна.
2026 онд Халзан Бүрэгтэй төслийн суурь судалгаа дуусаж, 2028 оноос олборлолт болон бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх аж. Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэгч “Mongolian National Rare Earth Corp” ХХК нь нутгийн иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадаагүй байна. Нутгийн 1000 иргэд гаруй тус төслийг эсэргүүцэх хөдөлгөөн өрнүүлж буй. Нутгийн иргэд болон олборлолт хийж буй компанийн хоёр талын байр суурийг хүргэе.
ИРГЭД: “ХАЛЗАН БҮРГЭТЭЙ УУЛАНД УРАН ОЛБОРЛОЖ БАЙНА”
Эсэргүүцэл илэрхийлж буй иргэдийн төлөөлөл инженер Ц.Төмөрсанаа ийн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, “Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан Бүргэтэй ууланд олборлолт хийх гэж байгаа. Ингэснээр Халзан Бүргэтэй уулын дэргэд урсаж буй Ховд гол бохирдоно. Ховд голоо дагаад Хар ус нуур, Хар нуур, Дөргөнө нуурууд аюулд учраад байна. Энэхүү экосистем уран хордсоноор ирээдүйд ан амьтан, ард иргэд, байгаль орчин эцсийн хохирогч болох гэж байна. Уран өөрөө маш аюултай химийн хорт бодис” гэж байр сууриа илэрхийлэв.
Ийнхүү нутгийн иргэд “Халзан Бүрэгтэй” ууланд уран олборлож байна гэж эсэргүүцэж байгаа. Харин компанийн зүгээс Уран биш нийлмэл исэл олборлоно гэж мэдэгдэж байна.
“ХАЛЗАН БҮРЭГТЭЙН ОРД БОЛ УРАНЫ ОРД БИШ”
Халзан бүрэгтэй төслийг ахлах геологич Л.Дагва-Очир “Халзан бүргэдийн орд бол ураны орд биш. Газрын ховор элементийн орд нь байгаль дээр үүсэж тогтохдоо, гарал үүслийн хувьд байгалийн цацраг идэвхт элементүүд болох уран, тори, кали гэсэн элементтэй давхар нэгдэл хэлбэрээр үүсдэг. Энэ ордын хувьд уран, тори, кали бага учир хайгуулын явцад хүн амьтан, байгаль орчинд үзүүлэх цацрагийн нөлөөлөл байхгүй” гэв.
Сэтгүүлч: А.Булганчимэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна