Солонгосын жүжигчин Ким Сүми зүрхний шигдээсний улмаас нас баржээ

Жүжигчин Ким Сүми өнөөдөр буюу 10-р сарын 25-ны өглөө зүрхний шигдээс болж, Сөүл Сонму эмнэлэгт хүргэгдсэн боловч, нас барсан болохыг нь тогтоожээ. Түүний оршуулгын ёслолыг Ханян их сургуулийн эмнэлгийн оршуулгын танхимд зохион байгуулах төлөвтэй байна.

Ким Сүми саяхныг хүртэл идэвхтэйгээр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн жил тэрээр "Гэр бүлийн алдар нэр: Эргэж ирсэн нь" хэмээх кинонд тоглож, олны хүртээл болгосон. Мөн энэ оны 5-р сар хүртэл "Ээжийнхээ гэрт" хэмээх мюзиклд тоголжээ. Тэрээр олон үзэгчидтэй телевизийн нэвтрүүлгүүдэд байнга оролцож байсан бөгөөд тухайлбал tvN-ийн "Дарга ахын хүмүүс", KBS-2TV-ийн "Даргын чих бол илжигний чих" зэрэг нэвтрүүлгүүдэд оролцож байсан байна.

Гэсэн хэдий ч, 5-р сард биеийн байдал нь муудаж, түр хугацаагаар ажлаасаа завсарласан бөгөөд Мюзикл болон телевизийн нэвтрүүлгүүдийн зураг авалтаас болж ядаргаанд орсон гэж ойр тойрныхон нь хэлж байжээ. 9-р сард тэрээр ажлаа дахин эхлүүлсэн боловч, эцэст нь өнөөдөр мөнх бусыг үзүүлжээ.

Ким Сүми 1970 онд MBC телевизийн 3 дахь үеийн олон нийтэд нээлттэй шалгаруулалтаар жүжигчний гараагаа эхэлсэн. Тэрээр 30 настай байхдаа MBC телевизийн "Хөдөөний амьдрал" хэмээх шоу нэвтрүүлэгт 60 настай ээжийн дүрийг бүтээж, 22 жилийн турш жүжигчний мэргэжлээр ажиллажээ. Тэрээр хөгжилтэй хэрүүлч эмээгийн дүрээрээ олон түмэнд алдартай болсон. Инээдмийн жүжиг, кино, телевизийн нэвтрүүлэг, олон төрлийн шоу нэвтрүүлгүүдэд тоглож, олон нийтэд танигдсан байна. MBC телевизийн инээдмийн нэвтрүүлэг "Сайн уу, Франческа", "Хөл нүцгэн Кибуни", "Мападо", KBS-2TV-ийн "Сүмигийн уул", tvN-ийн "Сүминий хоолны жор" зэрэг нэвтрүүлгүүдээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан юм.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна