MY CAREER-ийнхаа энэ удаагийн буланд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын арслан Мягмарын Бадарчийг урьж оролцууллаа. Түүний хувьд нэг хэсэг барилдаан болгонд бяртайгаа харуулж, заал танхимын барилдаанд босоо байж дандаа түрүүлж, үзүүрлэдэг байлаа. Харин сэргээшийн асуудалд нэр холбогдож, барилдуулах эрхийг нь хасаж хязгаарласан байгаа. Мөн энэ асуудлаар Арбитрын шүүхээр хүртэл шүүлгүүлж, сэргээш хэрэглээгүй гэдгээ нотолж чадаагүй, бүдэрсэн юм.
Харин тэрбээр бөхчүүдэд хандаж эв найртай байж, үндэсний гэх тодотголтой өв соёл бүхнээ хайрлан хамгаалахыг уриалжээ. Тэрбээр "Миний хувьд хар багаасаа барилдаж өссөн. Хөдөө ах нартайгаа ноцолдож өссөн. Манай ах нар сайхан барилддаг. Би аав ээжийнхээ хоёр талаас бөхийн удамтай. Тийм учраас үндэсний өв соёл болох үндэсний бөхөөрөө барилдаж эхэлсэн дээ. Ээжийн талд Өвөрхангайгаас Ихмонгол Шаравжамц аваргын удмын бөх байсан.
Аав ээж хоёр маань 1978 онд гэр бүл болоод арван сайхан хүүхдийн эцэг эх болсон байдаг юм. Би айлын есдэхь хүүхэд. Дээр үед анагаах ухаан сайн хөгжөөгүй байлаа ханиад хатгаагаар гурван хүүхэд нь эндээд 10 бандиас 7 банди нь үлдэж эрүүл энх өсөж торнисон. Одоо бол би айлын зургаадахь хүүхэд гэж явдаг. Аав ээж хоёр маань нэгдлийн мал маллаж байгаад нэгдэл нь татан буугдаж хувиараа мал аж ахуйгаа эрхэлсэн. Аав минь эрт бурхан болж ээж маань 7 жижиг хүүхэдтэй үлдэж байсан. Хамгийн том нь 13 настай өрх толгойлсон эмэгтэй болж үлдсэн дээ хөөрхий. 7 хүүхдээ хүний зэрэгт хүргэх гэж хатан ухаанаар тэвчээртэйгээр ээж минь зүтгэсэн. Миний ээж хүүхдүүдээ мал маллах ухаанд сургасан.
Төрийн наадмын барилдааны түрүү үзүүрт үлдэж үзэхсэн гэж олон жил хичээж хөдөлмөрлөж хөлс хүчээ гаргасан байдаг. Тэр хүсэл зорилгодоо хүрээд төрийнхөө их баяр наадамд түрүүлэх сайхан санагдсан. Олон хүний болон ар гэрийнхнээ итгэл найдварыг алдахгүй түрүүлсэндээ сэтгэл маш их өндөх байсан. Ард түмнийхээ итгэлийг олж түрүүлчихээд их том юмны ард санаа амар гарчихаад байж байтал хар бараан асуудал үүссэн. Энэ жилийн наадмын тухайд сэтгэл жаахан тиймхэн байна. Миний 13 жилийн хөдөлмөр явж байгаа шүү дээ. Одоогоор бэлтгэл сургуулилалтаа хийгээд байж л байна. Мэдээж нэгдүгээрт ариун цагаан хөдөлмөрт шударга өрсөлдөөн байх ёстой. Хоёрдугаарт үндэсний өв соёлоо нийлж нэгдэж хамгаалмаар байна. Жалга довны үзэл гаргаж талцаад баймааргүй байна. Бөхчүүд маань нэгдэж, нэг талдаа гарахгүй бол гадны бодлого яваад байна уу даа гэсэн хардлага төрж байгааг нуухгүй.
Сүүлийн үед Үндэснийхээ өв соёл руу хүн бүхэн муухай дайрдаг болчихлоо. Би бол төр түмнийхээ нүдэн дээр барилдаад авдаг цолоо бол авчихсан. 3 гаруй сая иргэний нүдэн дээр Ерөнхийлөгч маань зарлиг гаргаад тухайн өдөр сайхан цол гардуулсан. Тэрний дараа гадны лабораторийн шинжилгээний дүнгээр хүн ялласан. Манайхан өөрсдөө нүдээрээ хараагүй болохоор үнэн ч юмуу худлаа ч юмуу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Гадаад хийлгэсэн шинжилгээний хариу гэж хоёр гарын үсэгтэй хуудас ирдэг. Хоёр хүний гарын үсэг дээр үндэслээд Ерөнхийлөгч зарлиг гаргаж цолоо буцаана гэдэг бол утгагүй зүйл юмаа. Тусгаар тогтносон улсын Ерөнхийлөгч, Шадар сайд нар байж хууль өргөн бариад гүйгээд байгаа юм. Гадны улсаас ирсэн мэдээллийг үндэслээд зарлигаа цуцалж, цол хураана гэх зүйл ямар ч улсад байхгүй л дээ. Энэ талаар Ерөнхийлөгч маань нэг зүйл бодох байлгүй дээ" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна