Д.СУМЪЯАБАЗАР VS С.АМАРСАЙХАН

2023/04/18

Нийслэлийн иргэд утаанд бүгшүүлж, авто замын түгжрэлд бухимдаж, үнийн өсөлтөнд дарлуулж байхад хотын дарга асан С.Амарсайхан, одоогийн захирагч Д.Сумъяабазар хоёр хэрэлдэх завтай л явна. Хэрүүл Төрийн ордноос эхэлсэн сурагтай. Сэтгүүлчид дуун цацруулагч, дүрс буулгагчаараа зэвсэглэн тэр хоёрыг бүчээд авсан. Нийгэмд нэгэн шинэ хэрүүл ассан гал шиг дүрсхийн тархаж тэд өөрсдийн сэтгүүлчдээрээ үзэл бодлын фронтод “хэрүүлийн алим”-аар галлаж эхэлсэн байдаг юм. Дээрээс шидсэн чулуунд тархи хагардаг хойно доо, ингээд хэрүүл сонсъё.

Д.Сумъяабазар: Шадар сайд С.Амарсайхан хятадын хүүхэд, жорлон ухдаг хужаагийн хүүхэд, эхнэр нь түүний араар тавьдаг, дагавар охиноо хүчиндсэн гэх мэдээлэл сошиалд тараасан. Цахим орчинд үүнийг нь сохор хүн ч харж, дүлийн хүн ч сортосхийн чагнасан.

С.Амарсайхан: Хотын намын хорооны асуудлаас болж маргах юм бидэнд байхгүй. Хотын даргын ажил авч, өгөхөд ч ямар нэгэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл, миний зүгээс Сумъяабзартай ямар нэгэн өгөө аваа, эсвэл барьцаа, нэг бол бие биедээ үүсгэх хувь хувьсгалын өс хонзон элдэв асуудал байхгүй. Хотын ажлаа л олигтой хий гэж хэлдэг. Өөр дундуур нь чухам юу явдгийг мэдэхгүй юм гэж нүүрний хувиралгүй төв царайлан хэлдэг. Гэтэл

Д.Сумъяабазар: Сая өнгөрсөн хугацаанд шадар сайд бид хоёрын хооронд  бас нэг асуудал гарлаа шүү дээ. Энэ бол ЗГ-ын хуралдаан дээр бид хоёрын хувьд үзэл бодлын зөрүүтэй зүйлс, нэлээн ширүүн муудалцаан болсон. Ер нь ширүүн муудалцаан болсон. Үүнээс үүдээд мэдээж нийслэл Улаанбаатар хотын дотоод арга хэмжээн дээр Амарсайхан даргад уурлаж бухимдсандаа хатуу хөтүү үг хэлсэн байгаа. Тийм учраас би Амарсайхан даргаас болон гэр бүлээс нь уучлалт хүсэх ёстой гэж бодож байна. Ялангуяа улстөрч хүмүүс нэг ёс зүйтэй байх ёстой. Ёс зүйн өндөрлөгөө барих ёстой гэж бодож байгаа. Ер нь яваад байгаа хэвлэл мэдээллийн зүйлүүд бол манайханд, ялангуяа нийслэл дээр бидний зүгт ямар ч хамааралгүй зүйлүүд биш гэдгийг тодотгож хэлэх ёстой гэж бодож байна.

Ер нь улстөрч нарын хооронд муудалцах зүйлүүд дээр улстөрийн ашиг хонжоо харсан хэсэг бүлэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Хэдэн талаас яаж ч оролцож байгаа юм, энийг өмнө нь тайлбарлаж нотлох аргагүй ийм л зүйл болж өнгөрсөн гэж бодож байна. Хотын дарга хийсэн хүн хотын даргын зовлонг дэндүү сайн мэддэг байх гэж ойлгож байна хэмээн байр сууриа илэрхийлээд авсан.  Нэлээн ч нухацтай ярьсан. Харин сөргүүлээд “Хуучин дарга” маань:

С.Амарсайхан: Уулзъя гэж хүнээр дамжуулж уулзсан. Уулзахдаа хэвлэл, сошиалаар яваад байгаа зүйлийн талаар ярьсан. Санхүү, төсвийнх нь асуудлыг урьд өмнө нь байгаагүйгээр дэмжиж шийдвэрлэж байгаа. Авто замын түгжрэлийг шийдвэрлэхэд зориулж 2022 онд 420 тэрбум төгрөг, 2023 онд 580 тэрбум төгрөг баталсан. Түгжрэл, хотын тулгамдсан асуудлыг засаг төрөөс шийдвэрлэхийн тулд хотод дэмжлэг үзүүлж чадах хэрээр нь дэмжиж байгаа нь ойлгомжтой харагдаж байгаа биз дээ. Гэтэл ажлаа хийж чадахгүй байна гэж бодож байна. “Хотын ажлыг ингэж хийдэггүй юм аа” гэж би өөрт нь хэлсэн гээд омогдоод авав. Бүр тэр шуугианы ард өөрийгөө байгаа гэж хотын дарга хүлээн зөвшөөрөө юу? гэсэн сэтгүүлчийн асуултанд:

-ТИЙМ гэж хариулсан нь хэн буруутай вэ гэвэл тэр буруутай гэсэн шиг үйлдэл болов. Удалгүй өөрийн цахим хаягт:

Д.Сумъяазар: С.Амарсайхантай ЗГ-ын хуралдааны үеэр муудсан, хатуу хөтүү хэлсэн үгэндээ уучлалт гуйсан. Эв нэгдэл бодсон хэрэг. Гэтэл өөрийнх нь бүх муу муухай мэдээллийг намайг хэвлэлээр түгээсэн, түүндээ уучлалт гуйсан гэж ярьжээ. Онцгүй л юм хэмээн жиргээд чулуу зөрүүлэн шидсэнд:

С.Амарсайхан: Хотын дарга Д.Сумъяабазар манай гэр бүл, эцэг эх, үр хүүхэд, удам судартай холбоотой хүн сонсох аргагүй олон гүтгэлэг явуулсан. Үүндээ УУЧЛАЛТ гуйна гэсэн. Гуйсан байна билээ. Би арай үзэж АМЖААГҮЙ байна гэж сэтгүүлчдэд зарлаад амжив.

Энэ хэрүүл эцэстээ яаж өндөрлөх бол хэмээн нийслэлчүүд ганихран бодол болж Д.Сумъяазарын суудал ганхах болов уу, Шадар сайд С.Амарсайхан суудлаасаа хатуухан газардах болов уу? хэмээн мөрий тавин хоорондоо хуруудаж байгаа сурагтай.

Хэнийх нь зөв, хэнийх нь буруу юм гэсэн хэрүүлийн сонирхолд иргэд чихээ соотогнуулан, сэтгүүлч нар тэрний зөв гэнэ, энэний буруу гэнэ гэсэн байр суурийг нь сэвсээр сүүлдээ хаврын тэнгэр ч аашаа олохгүй нэг бол салхилж, нэг бол цас бороо нь холилдсоор зутруухан л зунтай золгох гэж байх шиг байна. Дээгүүр ноёдууд зодолдсон сурагтай даг аа. Нударга нь харц бидэндээ л зөөлөн буугаасай даа хэмээн автобус хүлээн зогсоо хоёр авгай шивэр авир хийн нудралцахад дэргэдүүр нь өнгөрөх хөнгөн тэрэг тогтоол ус шавхран төв замаар утаа саагиулан чавхдан одсон бөлгөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна