Д.Тогтохсүрэн: Зургаадугаар сарын 20-ноос өмнө сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батална

Өнөөдөр /2023.03.27/ МАН-ын бүлэг хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Өнөөдрийн хуралдаанаар нэг асуудал хэлэлцсэн. УИХ-ын сонгуулийн тухай нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. УИХ-ын даргын захирамжаар нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Парламентад суудалтай гурван намын төлөөлөл багтсан.

Үндсэн хуулийн 21.4-т сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан байдаг. Тиймээс энэ дагуу бид зургаадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж батална. Бүлгийн хурлаар нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. Лхагва гарагт Засгийн газраар хэлэлцүүлнэ. Тэгээд УИХ-д өргөн барина.

1-т Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл 38:38 буюу 50, 50 хувиар. 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал намын жагсаалтаар. Энэ холимог системээр Сонгуулийн тухай хуулийг өргөн барьж байна.

2-т Сонгуулийн зардлыг бууруулах тухай. Энэ чиглэлээр хэд хэдэн чиглэлийн өөрчлөлт хийсэн. Сурталчилгааны самбар, ухуулагч, шадар туслахуудын тоо гэхчлэнг бууруулахаар тусгасан. Хоёр дахь гол өөрчлөлт энэ.

3-т Гадаадад байгаа иргэдийн саналыг авах тухай голчлон оруулж өгсөн.

4-т Улстөрийн намуудад тавьдаг босго оноог 3 хувь болгож оруулж байна.

5-т Нэр дэвшигчдийн нэг хүйс 20 хувь байсныг 30-аас доошгүй байхаар нэмэгдүүлж тусгалаа.

Ийм таван томоохон өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд тусгана. Засгийн газраас энэ долоо хоногт санал ирчихвэл, ирэх долоо хоногт УИХ-аар оруулан хэлэлцүүлнэ" гэлээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна