Хууль зүйн сайд Х.Нямбаатар “ШУВУУ АЖИЛЛАГАА”-ны талаар иргэдэд худал мэдээлэл түгээв үү

2023/03/14

        Засгийн газраас дэвшүүлсэн "Шувуу ажиллагаа"-ны хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирах ажиллагааг гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй нэгэн цаг үед төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрх мэдэлтнүүд нэр холбогдоод байгаа. Гэвч үүнийг дан ганц Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэлгэсэнгүй. Үе үеийн Засгийн газрын үед яригдаж байсан ч биелэлээ олж чадаагүй өндөрлөж байсан асуудал.

Харин энэ удаагийн хэрэгжилт таван “Ш” гэх дуулиант нэрийн дор эхэлж байгаа бол “Шувуу ажиллагаа”-ны талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад руу оргон зайлсан Ч.Сайханбилэг, Н.Удаанжаргал, Т.Бадамжунай нарыг “Шувуу ажиллагаа”-ны хүрээнд гадаадаас буцааж авчирна. Түүнчлэн эдгээр хүмүүсийг интерполын шугамаар болон бусад эрэн сурвалжлах сайтуудад байршуулсан” гэсэн юм. Гэтэл үнэн хэрэгтээ INTERPOL цахим сайт дахь Монгол Улсаас эрэн сурвалжилж байгаа гэмт хэрэгтнүүд дунд дээр дурдсан нэр бүхий хүмүүсээс огтхон ч байршаагүй байгаа нь иргэдийн дунд төөрөгдөл үүсгэв.

       Сайд ийн мэдэгдэл гаргасны дараа “Аливаа хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа болон түүний хэрэгжилтийг цахим орчинд нээлттэй хянж болдог цаг үед иргэдийн дунд илт төөрөгдүүлсэн худал мэдээлэл түгээж байгаа нь иргэдээ доромжилсон хэрэг” гэх  шүүмжлэл дагуулах болжээ. Түүнчлэн зарим нь “Дотоодын гэмт хэрэгтнүүдээ илрүүлэн баривчилж чадахгүй байгаа хууль хяналтын байгууллага хилийн цаана байгаа хэрэгтнүүдээ илрүүлэн баривчлах нь битгий хэл сургийг нь ч гаргаж чадахгүй биз” гэх. Учир нь өнгөрсөн оноос дуулиан тариад байсан нүүрсний хэрэг, хөгжлийн банкны хэрэг зэрэг улс төрийнхний оролцоо бүхий томоохон хэрэгт холбогдогчдыг одоог хүртэл эцэслэн тогтоож чадаагүй л явна. Энэ мэтчилэн Засгийн газрын шийдвэр эцэстээ муур хулганадаж тоглохтой ижил болж орхив.

         Цаашлаад дотооддоо ийн сүржигнэж байх зуур шувуу ажиллагааны байнд өртсөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг улс төрийн орогнол хүсэж байгаа гэх мэдээлэл ч бий. Хэрэв энэ мэт томоохон гэмт хэрэгтнүүд эхнээсээ арьсаа хамгаалж эхэлбэл Засгийн газрын “Шувуу ажиллагаа” талаар нэг болох бололтой. Иргэдийн нүднээс далд өрнөж буй “Шувуу ажиллагаа”—ны үнэн төрх ийм. Харин наанаа Хууль зүйн сайд нь олон улсын сайтаар гэмт хэрэгтнүүдээ эрэн сурвалжилж, юу юугүй зөөж авчирна гэх мэтээр хариуцлагагүй, баримт мэдээлэлгүй тайлбар өгсөөр. Эцэст нь иргэд хэнд итгэж, найдахаа ч мэдэхээ байв.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна