Нээлттэй хаалганы өдөрлөгөөр усчин аврагчид үйл ажиллагаагаа танилцууллаа

Admin
2026/06/16

Сүхбаатарын талбайд зам тээврийн салбарын нэгдсэн өдөрлөг үргэлжилсээр байна

Сүхбаатарын талбайд энэ сарын 15-17-ны өдрүүдэд зам тээврийн салбарын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна. Өдөрлөгт усан замын тээвэр, аялал жуулчлалын аюулгүй байдлыг хангах, иргэдийг усны ослоос хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг усчин аврагчдын холбоо оролцож, ажлаа танилцууллаа.

Усны осол маш богино хугацаанд өрнөдөг тул аврах ажиллагаанд хурд, техникийн хүчин чадал хамгийн чухал гэдгийг усчин, аврагч Р.Эрдэнэ-Оргил онцлов.  ОБЕГ-ын мэдээлснээр 2025 оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 98 усны осол бүртгэгджээ. 85 иргэн ами алдсан байна.  Үүний 71 нь насанд хүрэгчид, 14 нь хүүхэд байжээ.  Зөвхөн наадмын урт амралтаар дунджаар 15-24 иргэн гол усанд осолддог. Усчин, аврагчын байгууллага АНУ-аас авчирсан, 350 морины хүчтэй, жет хөдөлгүүртэй, найман хүний суудалтай, завиар аврах ажиллагаа явуулдаг. Сүүлийн таван жилд энэ завьтайгаа Архангай аймгийн Өгийнуурт 100 гаруй, Тэрэлжид 10-20 хүнийг аварч, тайлангаа жил бүр Онцгой байдлын байгууллагад хүргүүлдэг гэв. "Манай холбоо Монгол Улсын Далайн захиргааны байгууллагатай хамтран ажиллаж байна. Далайн захиргаа Усан замын тээврийн тухай хуулийг хэрэгжүүлдэг бол, манай холбоо усан замын тээвэр эрхлэгчид, иргэдийг эрсдэлээс хамгаалах мэргэжлийн сургалтуудыг явуулдаг.

Цаашид бид Монголд усчин аврагчдыг олноор бэлтгэж, усны аялал жуулчлалыг аюулгүй хөгжүүлэх, гол мөрөн, нуурыг цэвэрлэж сайжруулахаар төрийн байгууллагууд, аялал жуулчлалын салбарынхантай хамтран ажиллаж байна" хэмээн аврагч Р.Эрдэнэ-Оргил ярилаа. Аврагчид жил бүрийн зургаадугаар сараас эхлэн усан замын хөвөлтийн улирал, аялагчдын урсгал эхлэхтэй зэрэгцэн Тэрэлж болон Өгий нуурт байрлаж, иргэдийн дуудлагаар шуурхай ажилладаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна