Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Баярбаатар олон улсын анхаарал татсан ноцтой асуудлыг хөндөж, нээлттэй сонсгол зохион байгуулах санал гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр АНУ-ын Хууль зүйн яамнаас ил болгосон Жеффри Эпштейн-тэй холбоотой баримтуудад Монголын нэр бүхий өндөр албан тушаалтнуудын нэр дурдагдсан байж болзошгүйг онцолсон юм.
Б.Баярбаатарын мэдээлснээр Эпштейн нь насанд хүрээгүй охидыг бэлгийн мөлжлөгт ашигласан төдийгүй санхүүгийн олон төрлийн хууль бус ажиллагаанд холбогдож байсан нь олон сая хуудас баримтаар нотлогдсон байдаг. Тэдгээр материал дунд Монголын улс төрийн хүрээний зарим хүний нэр дурдагдсан гэх асуудал яригдаж эхэлжээ.
Тухайлбал, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн Эпштейн рүү “Нью Йоркт уулзахдаа нэг сюрпризтэй очно. Тэр нь монгол охин” гэж бичсэн гэх утгатай захидал илгээсэн гэх мэдээлэл гарсан нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж-ийн үед асрамжийн газраас хүүхэд үрчилж авсан асуудалтай холбон хүн худалдаалах, мөлжлөгийн шинжтэй байж болзошгүй гэх хардлага ч дурдагдав.
Мөн 2014 онд Монголын өндөр албан тушаалтнууд Эпштейний урилгаар Дубайд очиж, өндөр өртөгтэй VIP арга хэмжээнд оролцсон гэх мэдээлэл сөхөгдлөө. Энэ нь дэлхийн хамгийн нэр хүндтэй морин уралдаануудын нэг болох Dubai World Cup байх магадлалтай бөгөөд элит хүрээний уулзалт, тохироо явагддаг талбар гэж үздэг.
Энэ үеэр Монголын нэр дээр бүртгэлтэй “Saturday” нэртэй морь уралдсан гэх баримт ч дурдагдсан. Улмаар дараа жил нь байгуулсан “Дубайн гэрээ”-тэй холбоотойгоор улс төрийн шийдвэрт гадны нөлөө орсон байж болзошгүй гэх хардлага гарч байна.
Эпштейнтэй холбоотой хэргийг Их Британи, Франц, Норвеги зэрэг улс орнууд идэвхтэй шалгаж, АНУ-аас холбогдох мэдээллийг албан ёсоор авч эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улс ч мөн адил холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатайг гишүүн онцоллоо.Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан АНУ-ын талтай шуурхай холбогдож, баримт мэдээлэл татан авах чиглэл өгсөн талаар мэдэгдсэн юм.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, үнэн зөвийг тогтоохоо илэрхийллээ. Тэрбээр “ямар хүмүүс, ямар зорилгоор уулзсан бэ гэдгийг шалгаж, олон нийтэд ил тод мэдээлнэ” хэмээн мэдэгдсээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна