"Орон нутагт Кембрижийн хөтөлбөртэй 5 сургууль барьж, 2 хүүхэд тутамд нэг компьютертой болгоно"

Admin
2026/04/22

Боловсролын салбарын чөлөөлөлтийн үндэсний стратегийг өнөөдөр баталсан талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Тэрээр хэлэхдээ, "Төрийн албаны цалингийн тогтолцоог өөрчилж, "Сайн сургууль" хөтөлбөрийг тавдугаар сарын 1-нээс эхлүүлнэ. Үүний хамгийн том хөшүүрэг нь цахим шилжилт юм. Хүүхэд хаана амьдарч, хаана сурч байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших боломжтой байх ёстой. Алслагдсан газрын хүүхэд "алслагдсан боловсрол" авах ёсгүй.

Орон нутагт 330 суманд ихэнх нь 12 жилийн тогтолцоотой ч ахлах ангиудад цөөн хүүхэд сурдаг сургуулиуд олон байна. Тиймээс сум дундын ахлах сургууль байгуулж, аймаг бүрд мэргэжлийн ахлах сургуулиуд бий болгоно. Мөн бүсчилсэн байдлаар Кембрижийн хөтөлбөртэй таван сургууль байгуулна.

Цахим шилжилтийн хүрээнд хүүхэд бүрийг компьютержуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ жил 100 мянга, дараа жилүүдэд мөн 100 мянгаар нэмэгдүүлж, нийтдээ хүүхдүүдийг компьютертой болгоно. Ингэснээр 20 хүүхэд тутамд нэг компьютер байсныг 2 хүүхэд тутамд нэг болгож сайжруулна. Энэ нь зөвхөн төхөөрөмж нийлүүлэх биш, дотор нь хосолмол сургалтын контент суулгаж, хүүхэд бүр шилдэг багш нараас цахимаар суралцах боломжийг бүрдүүлнэ.

Мөн Google Reference School төслийг эхлүүлсэн бөгөөд цаашид бүх сургуульд энэ жишгийг нэвтрүүлнэ.

Боловсролын салбарын дэд бүтцийн хувьд цэцэрлэг, сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлнэ. Зарим дүүрэгт төрийн сургуульгүй болох эрсдэл үүссэн тул төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэ сургууль, цэцэрлэг барина.

Одоогоор Улаанбаатар хотод 3000-аас дээш хүүхэдтэй 38 сургууль байна. Эдгээр сургуулийг задалж, бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль болгон зохион байгуулна. Цаашид, 

  • Хотхоны бага сургууль
  • Төрөлжсөн ахлах сургууль
  • Аймагт суурилсан Кембрижийн сургууль
  • Сум дундын ахлах сургууль гэсэн шинэ бүтэц рүү шилжинэ.

Мөн сургууль, цэцэрлэггүй хороолол баригддаг тогтолцоог зогсооно. Цаашид ийм хорооллыг улсын комисс хүлээж авахгүй. Барилга ашиглалтад оруулахдаа заавал боловсролын байгууллагын зөвшөөрөлтэй байна.

Хөрөнгө оруулалтын хувьд зарим шинэ төслүүдийг түр зогсоож, 100 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргаж байна. Үр ашиггүй хөтөлбөрүүдийг мөн царцаана.

Багш нарын цалингийн хувьд өмнө нь 480 мянган төгрөг байсан бол одоо үндсэн цалин 2.45 сая төгрөг орчим болж байна. Үүнээс цааш бүх нэмэгдэл шинэ суурь цалингаас тооцогдоно. Нийгмийн даатгалын шимтгэлийг ч мөн шинэ цалингаас тооцно.

Ирэх долоо хоногт Улаанбаатар хотод баригдаж дуусаагүй, ашиглалтад ороогүй сургуулиудын асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг танилцуулна.

Боловсролын зээлийн сангийн хувьд энэ жил 130 тэрбум төгрөгийн эргэн төлөлт төлөвлөсөн ч одоогоор 4 тэрбум төгрөг л төвлөрсөн байна. Үүнээс шалтгаалан 8000 орчим оюутны тэтгэлгийн асуудал үүссэн тул яаралтай шийдвэрлэнэ.

Боловсролын салбарын гурван төрлийн хувьсах зардлын тогтолцоог шинэчилж, монгол хүүхдийн мэдлэг, ур чадварын хоцрогдлыг арилгах үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталлаа" гэв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна