Туулын голын мөсийг дуустал долоосон ч шударгаар хөдөлмөрлөж яваа танил талгүй, хувийн хэвшилд өндөр дүнтэй хэдэн тэрбумын тендер олдохгүй гэдэг. Танил талгүй, намын гишүүн, цүнх баригч биш л бол тендерийн сонгон шалгаруулалтад тэнцэх хэцүү гэж хувийн хэвшлүүд дуу нэгтэйгээр хэлнэ. Энэ нь ч ортой.
Хотын дарга Х.Нямбаатартай ойр ажлын хамтрагч, МАН-ын Гишүүн, НИХТ Б.Сэргэлэнбаатарын хувь эзэмшдэг компани томоохон төсөвтэй хоёр тендерт шалгарчээ. Эхнийх нь НИХТ Б.Сэргэлэнбаатарын хувь эзэмшдэг Професионалстрой ХХК 223 тэрбумын төсөвтэй Сэлбэ дэд төвийн хоёр блок орон сууц барих тендерт шалгарсан. Удаах нь Даланзадгад сумын амралт зугаалгын нийтийн эзэмшлийн талбай байгуулах 19 тэрбумын тендерт шалгарчээ.
Хамгийн гол нь Професионалстрой компани өмнө нь найман тендерт оролцож байсан ч нэгд нь ч тэнцэж байгаагүй бөгөөд НИХТ Б.Сэргэлэнбаатар тус компанид хувь эзэмшсэнээс сарын дараа эдгээр том төсөвтэй тендерт шалгарсан нь анхаарал татна. Професионалстрой ХХК Барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өмнө нь бие даан барилга барьсан туршлагагүй атал Нийслэлээс хэрэгжүүлж буй Сэлбэ дэд төв төсөлд барилга барих тендерт ногоон гэрлээр тэнцэв. Уг компани 2023 оноос хойш үйл ажиллагаа эрхлэлгүй нам гүм байсан ч 2025 оны зургаадугаар сард НИХТ Б.Сэргэлэнбаатар хувь эзэмшсэнээс хойш гэнэт том дүнтэй Нийслэлийн тендерт шалгарсан нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байх боломжтой гэдэг хардлага төрүүлж байна.
Б.Сэргэлэнбаатар нь НИХТ, МАН-ын Гишүүн, Төв аймгийн МАН-ын хорооны даргын ажлыг тус тус эрхэлдэг. Түүний хувьд 2013 оноос хойш төрийн албан хаагчийн ажил эрхэлсэн ба хөрөнгө орлогын мэдүүлэгт бүртгүүлээгүй таван хувийн компанид хувьцаа эзэмшихийг, Гүйцэтгэх захирлаар ажилдаг байна.
Тэрбээр 2016-2017 онд Сонгинохайрхан дүүргийн “Тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ” орон нутгийн өмчийн аж ахуй үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байхдаа тус дүүргийн тохижилтын ажилд өөрийн хувийн “Сайн тохижилт” ХХК-ыг зүтгүүлж, мөнгө олдог байж. Эдгээр баримтуудаас харахад Б.Сэргэлэнбаатарт иргэдийг төлөөлж, төсвийн тогтмол цалин авах нь бус цүнх баригчийн дүрээр өөрийн хувийн компаниудын ажлыг төрд шахаж, ногоон гэрлээр тендерт шалгарах нь чухал юмсанжээ. Хотын дарга Х.Нямбаатарын эхлүүлсэн Сэлбэ голын тохижилт, бродюр шинэчлэлт гэх мэт ажлууд урагшилдаггүй, бүтэл муутай байдаг нь цүнх баригчдынхаа хувийн компанийг тендер зүтгүүлдэгтэй холбоотой байж болзошгүй. Төрийн албан хаагч болж сарын цалин авна. Нэмээд албан тушаалаа ашиглаж өөрийн хувийн компаниудыг тендерт зүтгүүлж орлого олно. Энэ бол Монголд шударга, хөдөлмөрч хувийн компаниуд төрийн тэндерт өрсөлдөх боломж тун хомс байдгийн нэгхэн жишээ юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна