Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-т холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөрдөн шалгалтаар Н нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжид техникийн нөхцөл олгохдоо холбогдох журмыг зөрчиж давуу байдал олгосон, албан үүргээ хэрэгжүүлсний хариуд орон сууц, мөнгөн хэлбэрээр хахууль авсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, 281 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100 сая төгрөг, 30 мянган ам.долларын хахууль авсан гэх үйлдэлд холбогджээ.
Мөн түүний хөрөнгө, орлого нь 3.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд 4 үл хөдлөх хөрөнгө, 2 тээврийн хэрэгсэл, 80 мянган ам.долларын эх үүсвэрийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзжээ.
Хэрэг мөрдөн шалгах явцад нийт 6.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 17 үл хөдлөх хөрөнгө, 635.7 сая төгрөгийн үнэлгээтэй 3 тээврийн хэрэгслийг битүүмжилж, шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Уг хэрэгт 7 хүн, 1 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаж, 10 үйлдлээр 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдлийг тогтоосон гэж АТГ-аас мэдээллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 53 хүний гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа, арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авч, санхүүгийн шинжилгээ хийлгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна