Манай редакцаас бэлтгэн хүргэдэг “MyCareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “Hoomies” продакшны жүжигчин Алагаа буюу Ц.Энхтулга оролцлоо.
Тэрээр айлын бага хүү бөгөөд өөрөөсөө 8, 10 насаар ах хоёр эгчтэй, хайранд өссөн эрх хүүхэд юм. Багаасаа сэргэлэн цовоо, дуулж бүжиглэх дуртай, сургуулийнхаа урлагийн үзлэгт тогтмол оролцож, голлох үүрэг гүйцэтгэдэг байжээ. Мөн “Инээдмийн түц” хамтлагийн хошин шогийг үзэх дуртай байсан нь түүнийг урлагийн замд хөтөлсөн байна.
2013 онд “Зохиомж” дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгсөж, төгссөн даруйдаа “Х-Түц” хамтлагт орсноор хүүхэд насны мөрөөдлөө биелүүлжээ. Энэ тухайгаа тэрээр: “Мөрөөдөл минь биелж, ‘Х-Түц’ хамтлагт 3 жил ажилласан. Гэрэл унтрах үед тайзан дээр гарч жижиг хэрэгсэл зөөдөг байлаа. Сүүлдээ ‘Сайн байна уу’ гэдэг ганц үг хэлдэг болсон. Дүр авч үзээгүй ч хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, тэр том уран бүтээлчидтэй нэг тайзан дээр гарч байсандаа одоо ч баярлаж явдаг” хэмээн дурсан ярьсан юм.
Тэрээр гурван жилийн дараа хамтлагаасаа гарч, БНСУ-д хэсэг хугацаанд ажилласан байна. Харин ковидын үед найзуудтайгаа нэгдэн контент бүтээх санаа гаргаснаар “Hoomies” продакшныг байгуулжээ. Энэ тухайгаа: “Бид өмнөх үеийн MFTV байсан. 0 дагагчтай эхэлсэн пэйж маань богино хугацаанд олны хүртээл болж, одоо 750,000 дагагчтай болсон. Мөн YouTube суваг маань 565,000 дагагчтай. Биднийг хүүхдүүд үздэг учраас хараалын үг хэрэглэхгүй байх зарчмыг баримталдаг. Одоо ч ‘Gang House’ гэр бүлийн лоунждоо архи, согтууруулах ундаагаар үйлчилдэггүй. Урлагийн хүмүүс учраас бусдад үзүүлэх нөлөө их гэдгийг үргэлж бодолцдог” хэмээн онцолсон юм.
Тэрээр хувийн амьдралынхаа талаар ч нээлттэй ярьсан. Өмнө нь амьдралтай байсан, алдаж ч үзсэн, эмэгтэй хүнийг ойлгодоггүй үе ч байжээ. Олон зүйлийг даван туулж, өнөөдрийн Алагааг бүтээсэн гэж тэр үздэг. Гадаад төрх нь урьдынх хэвээр ч, үзэл бодол, дотоод хүн нь ихээхэн өөрчлөгдсөн байна. Тэрээр эцгийн хариуцлагаа ухамсарлаж, хариуцлагатай аав байхыг эрхэмлэдэг бөгөөд одоо эхнэр, гурван хүүхдийн хамт амьдарч байна. Мөн өмнөх алдаагаа давтахгүй байх нь хамгийн чухал хэмээн онцолж, эхнэртэйгээ хамт бичлэг хийх нь хамгийн хөгжилтэй байдаг талаар хуваалцсан.
Ингээд түүний ажил, амьдралын замнал, уналт, босолтын тухай өгүүлэх “MyCareer” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүлээн авна уу.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна