Н.Батсуурь: Допингийн эсрэг байгууллага хүчээр зодог тайл гэж шахаад байгаа юм уу?

Admin
2026/01/20

Дархан аварга Н.Батсуурь Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагатай холбоотой дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр "Допингийн Эсрэг төв ямар ач холбогдолтой гэж хоёр жил дараалж, нэг хүн дээр хэдэн удаа шинжилгээ авах гээд байгаа юм бол. Хүчээр зодог тайл гэж шахаад байгаа юм уу. Өмнөх С.Зүчи гээд нөхөр цагдаад өгсөн өргөдлийг хаалгачхаж байна лээ. Утсаар ярихгүйгээр оны өмнө имэйл илгээснээ нэгдүгээр сарын 1-нээс өмнө ч гэх шиг. Одоо арай давраад байна уу? Түрүү жил 4 удаа шинжилгээ өглөө.  Гэрт унтаж байхад орж ирж авсан. Тийм дураараа Төрийн бус байгууллага гэж байдагүй юм аа. Татвар төлөгчдийн мөнгө зүгээр нэг төрийн бус байгууллагын амьдрах арга болоод байгааг бөхчүүд дуу нэгтэй дуугарах цаг нь болсон. Энэ ирсэн имэйл нь. Уншаад үзээрэй. Бөхчүүд сайн дураараа барилдаж байгаа. Олимпийн төрлийн тамирчин биш. Монголын үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэдгээ ухамсарлая" гэжээ.

Түүнд ирсэн мэйл:

Эрхэм Н.Батсуурь

Таныг Шинжилгээний бүртгэлийн санд хамруулж, ADAMS системд бүртгэснийг өмнөх цахим шуудангаар мэдэгдсэн билээ.

Гэвч та 2026 оны эхний улирлын Шинжилгээний бүртгэлийн сангийн байршлын мэдээллээ ADAMS системд оруулаагүй байгааг үүгээр мэдэгдэж байна.

БАЙРШЛЫН МЭДЭЭЛЛЭЭ ОРУУЛАХ ЭЦСИЙН ХУГАЦАА ДУУССАН БОЛОХЫГ ТАНД САНУУЛЖ БАЙНА.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 5.18-д заасны дагуу Шинжилгээний бүртгэлийн санд багтсан тамирчин нь байршлын тухай мэдээллийг улирал бүр ADAMS системд бүрэн, үнэн зөв оруулах, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчлэн засварлах, мөн өгсөн байршлын мэдээллийнхээ дагуу допингийн шинжилгээ өгөхөд бэлэн байх үүрэгтэй. Түүнчлэн Дүрмийн 2.4.4-т зааснаар байршлын тухай мэдээллээ хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл худал, дутуу мэдээлэл өгсөн тохиолдол нь байршлын мэдээллийн бүртгэлийн алдаанд тооцогдох үндэслэл болохыг анхаарна уу.

Иймд та 2026 оны эхний улирлын байршлын мэдээллээ ADAMS системд цаг алдалгүй оруулж, цаашид аливаа өөрчлөлт орсон тохиолдолд мэдээллээ тухай бүр шинэчлэн ажиллахыг хүсье.

Байршлын мэдээлэлд дараах мэдээллийг заавал бүрэн тусгасан байна. Үүнд:

-Одоогийн оршин суугаа хаяг болон мэдэгдэл хүлээн авах цахим шуудангийн хаяг;

-Өдөр бүрийн 05:00–23:00 цагийн хооронд допингийн шинжилгээ өгөх боломжтой үргэлжилсэн 60 минутын нэг цаг;

-Тухайн улирлын турш өдөр бүр хоноглох газрын хаяг (гэр, түр байр, зочид буудал гэх мэт);

-Бэлтгэлийн талаарх мэдээлэл (бэлтгэл хийх газрын нэр, хаяг, хуваарь);

-Тэмцээний талаарх мэдээлэл (тэмцээн зохион байгуулагдаж буй газрын нэр, хаяг, хуваарь);

-Өдөр тутмын амьдралын үйл ажиллагааны цагийн хуваарь;

-Аялал хийх тохиолдолд тухайн аялалтай холбоотой бүх мэдээлэл;

-Допингийн эсрэг байгууллага болон холбогдох Олон улсын холбоод танаас допингийн шинжилгээ авахад шаардлагатай бусад бүх мэдээлэл.

Хэрэв та зодог тайлахаар шийдсэн бол энэ тухай Үндэсний допингийн эсрэг байгууллагад албан ёсоор бичгээр мэдэгдэхийг хүсье.

Энэхүү бичигтэй холбоотой асуулт, тодруулга эсвэл нэмэлт мэдээлэл шаардлагатай бол бидэнтэй холбогдоно уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна