Увс аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад, тушаал бууран Улаанбаатарт ирсэн А.Амарбатыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын даргаар томилжээ. Тодруулбал, А.Амарбат нь Увс аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн удирдлагад ажилладаг хоёр цагдаад хууль бус тушаал өгсөн, үүнээс болж тухайн хоёр цагдаа нь гэм буруутан болж, ял эдлэн, ажилгүй орлогогүй болцгоосон гэх асуудал бий.
Хэргийг тодруулбал, А.Амарбатын хүргэн ах согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож явахад нь тухайн хоёр цагдаа илрүүлэн шалгасан бөгөөд А.Амарбат “явуулчих” гэсэн тушаал өгсөн гэх ба тухайн иргэн цааш зорчиж явахдаа зам тээврийн осолд орж, хоёр хүн амиа алдсан хэрэг 2023 оны долоодугаар сард Увс аймгийн Тариалан сумын Тошилт гэх газарт болсон.
Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа тухайн хоёр цагдааг буруутган, шүүхээр ял оноосон. Ингэснээр тэд ажилгүй, орлогогүй болцгоосон юм.
Энэ асуудлаар манай редакци мэдээлэл бэлтгэн ажилласны дараа ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас Увс аймаг руу шалгалтаар явж, А.Амарбатыг тушаал бууруулан, Улаанбаатар хотод ажилд томилсон. Тэгвэл ЦЕГ-ын даргаар Ж.Болд генерал томилогдоод цагдаагийн байгууллагадаа бүтцийн өөрчлөлт, томилгоо хийхдээ ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын даргаар А.Амарбатыг томилжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна