Уран сайхны нийтлэл: Сүүлчийн буудал

Admin
2025/10/04

Би ойр ойрхон нутаг усаа зүүдлэх боллоо. Цас мэт цайрах таанын цэцэг ургасан номин их талынхаа дундуур хөл нүцгэн гүйнэ. Толгодоос толгод, хаднаас хад дамжин уртын булгийнхаа усыг хөндлөн гулд туучих ажээ. Гэнэт их хуй салхи гаран намайг хаа нэгтээ аваачив. Би иинхүү цочин сэрлээ.

Бие сэтгэл минь нутагтаа байгаа мэт догдлон зүүднээсээ салж ядан хөрвөөсөөр өглөөтэй золголоо. Үүр цайж тасалгаанд бүдэг цагаан гэгээ тусжээ. Би хэзээний дадсан зангаараа салхивчаа онгойлгон өглөөний сэрүүн тунгалаг агаар амьсгалан цонхоор ширтэн хэсэг зогсов. Намар оройн хүйтэн бороонд алсыг дурандан үл мэдэг дагжисхийн суух хүдэр бор өвгөн мэт Богдхан уул бүүдгэр саарал манан дунд уйтгартайяа дүнсийн хараглах ажээ. Цас орж хүйт даахаас өмнө нутагтаа нэг очъё, хунгийн чуулганаа ч үзье гэж сэтгэл шулуудлаа. Надад бэлдэд цөхөх ч юм байсангүй.
Хоёр хоногийн дараа хатаж шарласан хялгана, ерхөг халиурсан Дарьгангын уудам шаргал талд үүрээ хөндүүлсэн шоргоолж мэт язганах зээрийн сүрэгтэй уралдан Ганга нуурыг чиглэн давхиж явлаа. Хуучины нэгэн гунигт дууг хэнд ч мэдэгдэм солгой хоолойгоор их л бардам дуулах жолооч залууг дагаж аялмаар ч юм шиг сэтгэл хөдлөн сүүрс алдан явтал төд удалгүй нуурын захад ирлээ. Нутгаа зорин, зорин ирсэн надаас өмнө энэ нуурын зочин мянган цагаан хун хэдийнээ иржээ. Зулсан хөвөн мэт хөвөлзөх энэ олон хун, тэртээд шаргалтах хонгор шаргал элс, шингэж буй нарны улаан туяатай сүлэлдэн миний урьд хожид үзээгүй уран зургийг энэ аглагхан буйд нутагт үзнэ гэж хэзээ ч төсөөлж явсангүй. Ай даа яг л аав минь юм шиг дөлгөөхөн ариун дагшин энэ нутагт өнөө шөнийг өнгөрөөхөөр шийдлээ.
Аяны нимгэн майхныг сэтлэн орж ирэх намрын хүйтэн салхи, түмэн авиагаар шулганан ганганах шувуудын ганганаанд нойр хулжин элвдийг бодсоор дорнын уудам талд нар мандахыг харлаа. Ниагра , Викторияагийн хүрхрээг үзэж, Нил, Миссифийн мөрөнд сэлж, Урал, Андын нурууг давж гайхан биширч явахдаа өөрийн сайхан нутгаа дурсаж явсан бил үү би. Умард зүгээс нисэн ирэх хунгийн сүрэгтээ зайгаа орхин түрүүлж ирсэн шувууд нуурынхаа дээгүүр хэдэнтээ эргэлдэн салж ядан өрөвдөлтэйяэ ганганалдаж өмнийг зорин одно. Тэд их нутгийнхаа сүүлчийн буудалд ийнхүү сэтгэл хорогддог ажээ. Харин хүмүүний биеийг олж төрсөн бид алс холын үзээгүй диваажинг зорихдоо их л баяр хөөр болон явдаг даа гэсэн бодол тэрхэн зуур зурсхийн орж ирэв.
Төрж өссөн нутаг минь чи миний сүүлчийн бөгөөд мөнхийн зогсоол. Би тань даа эргэж ирнээ...
                                                                                                                                                                                        Энхтөмөрийн Нандинчимэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна