Д.Отгонбаатар: Өвөр Монголын тамирчид маш өндөр том биетэй, өрсөлдөөнтэй байсан. Гэсэн ч манай багийн хүүхдүүд 4 оноогоор илүүрхэж аварга болж чадлаа

А.Булганчимэг
2025/09/30

БНХАУ-д есдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн спортын 11 дэх удаагийн их наадам болж өндөрлөв. Тус наадамд "Модун Волвес" сагсан бөмбөгийн клубын U16 насны шигшээ багийн тамирчид оролцож, алтан медаль хүртэж эх орондоо өчигдөр /2025.09.29/ газардлаа. Эх орондоо ирж байгаа өсвөрийн тамирчдийн эцэг эхчүүд, гэр бүлийнхан нь тосохоор Чингис хаан олон улсын нисэх буудалд ирсэн байв. Тэд шаар, цэцэг, торттой тамирчин, дасгалжуулагчдад баяр хүргэхээр сэтгэл догдлон хүлээж байлаа. Удалгүй 17 цагийн орчимд баг тамирчид дасгалжуулагчид онгоцноос газардсан юм. Ингээд алтан медаль авч, аварга болсон багийн Ерөнхий дасгалжуулагч Д.Отгонбаатартай бид ярилцлаа.

 -Юуны өмнө олон улсын тэмцээнд амжилттай оролцсон танай баг хамт олонд баяр хүргэе. Та сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Энэ бол жил бүр уламжлал болгон явагддаг тэмцээн юм. Өмнө нь энэ тэмцээн Монгол улсад зохион байгуулагдаж байхад дасгалжуулагч хийж байсан. Энэ удаад өөрсдийн Модун волвес гэсэн 2025 оны УАШТ-д түрүүлсэн багаараа БНХАУ-д зохион байгуулагдсан тус наадамд оролцлоо. Улаан-үдэ болон Баяннуур, Буриад, ОХУ-ын багуудтай тойргоор тоглоод, багаараа хожоод аварга аваад ирлээ.

-Тэмцээний хувьд ямархуу бэлтгэлтэй байсан бэ? Мөн аль улсын тамирчид хамгийн их өрсөлдөөнтэй байв?

-Тэмцээний хувьд манай баг тамирчид байнгын бэлтгэлтэй байдаг. Явахаасаа өмнө өдөрт 2 удаагийн бэлтгэл хийсэн. Хамгийн хүчтэй нь Өвөр Монголын багууд байсан. Ер нь бүх тоглолт эцсийн мөчид шийдэгдсэн. Маш нуруулаг, хүчтэй, өрсөлдөөнтэй багууд байсан.

-Монголын тамирчид хэдэн онооны зөрүүгээр хожсон бол?

 -Өвөр Монголын тамирчдыг 4 онооны зөрүүтэй хожсон. Бусад багуудыг 10-15 онооны зөрүүтэй хожсон. Миний хувьд 14 жил дасгалжуулагчийн ажил хийж байна. Герман, Австри, Америк гээд өсвөрийн бүх тэмцээнүүдэд явж ирсэн туршлагатай. Яг одоогоор дараагийн тэмцээний тов гараагүй байна.

 Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Биен тамир спортын улсын хороо, Модун волвес сагсан бөмбөгийн клубийн захирал Б.Цогтсэргэлэн, мөн нийт хүүхдүүдийнхээ аав ээжүүдэд бүгдэд нь баярлалаа гэж хэлье.

-Баярлалаа. Дараа дараагийн тань тэмцээн уралдаанд амжилт хүсэе. 


0
angry
2
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна