Бага оврын "Cessna 182" онгоцоор тив дамнан нисэхийг завдсан 19 настай америк хүү Этан Гуог Антарктидын нэгэн арал дээр саатуулжээ. Тэрбээр олон улсын судалгааны хэд хэдэн станц болон ажилтнууд байрладаг Кинг Жорж арал дээр газардаад баривчлагдсан байна.
"Cessna 182" онгоц Чилийн өмнөд хэсгийн Пунта Аренас хотоос хөөрч, Кинг Жорж арал руу ниссэн аж. Тус арал нь Чилийн эзэмшилд байдаг.
Этан Гуо хуурамч нислэгийн төлөвлөгөө ирүүлснийг Чилийн эрх баригчид анх илрүүлжээ. Тодруулбал, нислэгийн төлөвлөгөөнөөсөө зөрж нислэг үйлдсэн нь агаарын аюулгүй байдлын протоколуудыг идэвхжүүлсэн аж. Этан Гуо нислэгийн төлөвлөгөөндөө зөвхөн Пунта Аренас хотын дээгүүр ниснэ гэсэн байсан ч цаашлаад Антарктид хүрчээ.
Чилийн эрх баригчид түүнийг нисэхийн хоёр хууль зөрчсөн гэж буруутгаж байна. Үүнээсээ болоод Этан Гуо хорих ял авч ч магадгүй юм. Цаашилбал, тэрбээр хүн амгүй тивтэй холбоотой олон улсын харилцааг зохицуулдаг Антарктидын гэрээг зөрчсөн байна.
Дашрамд дурдахад, цахим ертөнцөд сая гаруй хүн түүнийг дагаж, аяллын явцтай нь хамт байжээ. Тэрбээр "Х" цахим хуудсандаа "Би амьд мэнд байна, удахгүй шинэ мэдээлэл хүргэнэ" гэж Лхагва гаригт нийтэлсэн байна. Цахим сүлжээн дэх зураг, бичлэгээс нь харахад Этан Гуо 140 гаруй хоног зарцуулж, зургаан тивээр нисчээ.
Тэрбээр "Cessna 182" онгоцоор долоон тив дамнан бие даан ниссэн анхны нисгэгч болно гэж найдаж байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна