Хуульч Б.Мэргэн: Х.Баттулгыг төрийн хамгаалалтад үргэлжлүүлэн авсан нь Үндсэн хууль зөрчсөн

Admin
2025/06/27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа дуусаад дөрвөн жил болсон ч Төрийн тусгай хамгаалалтыг нь буулгаагүй, үргэлжлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж хуульч Б.Мэргэн мэдэгдэв.

Энэ талаар тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх дууссанаас эхлэн 4 жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авдаг хуультай байлаа. Ерөнхийлөгчийн тухай хуульд 2020 оны тавдугаар сард өөрчлөлт орж хугацааг 3 жил болгосон. 2024 онд Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг шинэчлэн найруулахдаа мөн 3 жил гэж зохицуулсан.

Тиймээс Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 15-ны өдрийн Халтмаагийн Баттулгын хангамж, хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай 284 дүгээр тогтоол гарч, 3 жил тусгай хамгаалалтад байлгах болсон бөгөөд уг хугацаа 2024 оны зургадугаар сарын 26-ны өдөр дууссан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн алинд ч Ерөнхийлөгч байсан хүнийг төрийн тусгай хамгаалалтад байлгах 3 жил дууссаны дараа хугацааг сунгах тухай заалт байхгүй. Зөвхөн онц байдал зарласан тохиолдолд зарим албан тушаалтныг төрийн тусгай хамгаалалтад байлгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүнийг ердийн үед тусгай хамгаалалтад авдаггүй.

Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 80 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж, Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад нууцаар авсан байна.

Нууцаар гэх шалтгаан нь тухайн тогтоол хаана ч ил байхгүй. Бусад 125 гишүүн, нийт иргэдээс ямар давуу эрхтэй гишүүн бэ? Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга 2 өөрсдийгөө хаан гэж эндүүрч, хэт сагсалзаж байсны, одоо ч даналзсаар байгаа тод жишээ байна.

Одоо Г.Занданшатар Ерөнхий сайд тус хууль бус тогтоолыг нэн даруй хүчингүй болгож, төсвийн мөнгийг хэмнэж, хамгаалж байгаа төрийн тусгай албан хаагчдийн үндсэн ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Заавал мань мэтийг Цэцэд хандуулж, цаг завийг маань барах хэрэг юун” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан жиргэлээ.

Төрийн тусгай хамгаалалтын газраас ирүүлсэн албан бичигт дурдсанаар Засгийн газрын 2024 оны есдүгээр сарын 11-ний өдрийн Төрийн тусгай хамгаалалтад авах тухай 80 дугаар тогтоолын дагуу Х.Баттулгыг төрийн тусгай хамгаалалтад авсан тухай мэдэгдсэн нь тухайн үеийн Засгийн газар Үндсэн хууль давсан шийдвэр гаргаж Монгол Улсын хуулийг уландаа гишгэлээ ч гэж үзэж болох талтай. Иймээс энэ шийдвэрийг ямар үндэслэлээр гаргаснаа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүнтэй хамт нэг баг болж ажиллаж байсан сайд нарыг тайлбарлахыг олон нийт шаардаж эхэллээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна