Номын дэлгүүрээс худалдаж авсан номоо өөр хүнтэй хуваалцсаныхаа төлөө шоронд хоригдсон гэж та сонсч байсан уу? ОХУ-ын гэрэл зурагчин Григорий Скворцов ийм үйлдлийнхээ төлөө 16 жилийн хорих ял аваад байна.
35 настай Скворцовыг 2023 оны арваннэгдүгээр сард Санкт-Петербург хотод баривчилжээ. Түүнийг ямар хэрэгт буруутган баривчилсныг гэр бүлийнхэн нь хэдэн сарын турш олж мэдэж чадаагүй.
Гэтэл Скворцов “Soviet ‘Secret Bunkers’: Urban Special Fortifications of the 1930s-60s” буюу "Зөвлөлтийн нууц хоргодох байрууд: 1930-60-аад оны хотын тусгай бэхлэлт" гэх номын нэмэлт түүхэн материалуудыг америк сэтгүүлчид илгээснийхээ төлөө баривчлагдсан байжээ. Энэ нь Оросын төрөөс урвасан үйлдэл гэж үзсэн тул эцэст нь зургадугаар сарын 26-нд 16 жилийн ял оноосон аж. Тус ном нь 2021 онд хэвлэгдсэн бөгөөд Зөвлөлтийн үеийн, одоо нууцын зэрэглэлээс гарсан хоргодох байрууд, Хүйтэн дайны үеийн нууц архитектуруудын тухай өгүүлдэг.
Энэ номыг Оросын номын дэлгүүрүүдэд чөлөөтэй худалдаалж байсан. Тэр бүү хэл төрийн өмчит "Российская газета" сонинд хүртэл тус номыг сурталчилж байжээ.
Скворцов ярилцлага өгөхдөө "Надад улсын нууцад нэвтрэх санаа байгаагүй" гэсэн байна.
Тус номын нэмэлт түүхэн материал гэх зүйлийг зохиолч нь тусад нь зарж борлуулж байжээ. Скворцов нийт 1000 хуудас сканнердсан баримт худалдаж авсан байна. Мөн интернетэд бэлэн байсан бусад зураг, диаграмын хамт сэтгүүлчид илгээсэн аж.
ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна