Байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонгохыг дэмжлээ

Admin
2025/06/26

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /2025.06.25/ хуралдан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очирын нэрийг дэвшүүлснийг хуралдаан даргалагч танилцуулав. Ц.Сандаг-Очир нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн Багануур дүүргийн 66 дугаар дунд сургуулийг төгссөн.  2000-2004 онд Тэнгэр дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багш чиглэлээр суралцаж төгссөн. 2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2018 онд тус академийг төрийн удирдлагын магистраар сурч төгсчээ. 2000-2004 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2005-2008 онд тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2008-2012 он, 2016-2020 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар 2 удаа сонгогдон 8 жил ажилласан бөгөөд 2013 оноос Багануур дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.

Ц.Сандаг-Очир нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож байсан.  2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын УИХ-д сонгогдон ажилласан туршлага, мэдлэг ур чадварыг харгалзан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байна хэмээн танилцуулав.

Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой өөр санал, нэр дэвшигчээс асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  

Дараа нь Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэв


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна