Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд оролцсон ОУХМ К.Ёолк хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилын бөх Мишел Аугустотой учраа таарч барилдан торгуулиар ялалт байгуулж, ХҮРЭЛ медалийн болзол хангалаа.
ОУХМ К.Ёолк дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тойрогт гоц мөргөн, хоёрдугаар тойрогт АНУ-ын тамирчин Жонатан Яаныг нэмэлт цагт даралтаар цэвэр ялан, гуравдугаар тойрогт Эквадор улсын тамирчин Жонатан Бенавидесыг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө IJF-ын тамирчин Аюүд Блиевт гурван торгуулиар ялагдсанаар дагах барилдаан руу шилжсэн юм.
Дагах барилдаанд эзэн орны тамирчин Чонад Фэчког нэмэлт цагт даралтаар ялан юүко үнэлгээ авснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан билээ.
К.Ёолк 24 настай. Анх удаа орсон ДАШТ-дээ ийнхүү амжилттай барилдаж дэлхийн бөх боллоо.
Тэрбээр Монголын жүдо бөхийн шигшээ баг, тамирчдын дэлхийн аваргын 30 дахь медаль, түүний дотор 19 дэх хүрэл медалийн эзэн К.Ёолк болоод байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна