"All in hit-2" тоглолтын продюсер Э.Цолмонбаяр:
-Дөрвөн хамтлагийн нэгдсэн тоглолтыг хийх санааг нэг жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа тоглолтууд дундаас энэ удаагийн тоглолтыг онцолж байна. Эдгээр хамтлагийн уран бүтээлчид нэгэн үед уран бүтээлээ хийж байсан гэдгээрээ онцлог. Урьд өмнө нь Монголд гэлтгүй дэлхийд нэгэн үеийн дөрвөн boyband хамтлаг хамтран тоглож байсан тохиолдол их ховор юм билээ. Өмнө нь ийм хамтлагууд зааланд хамтран тоглож байсан ч задгай талбайн шоу зохион байгуулсан нь ховор. Энэ дөрвөн хамтлаг нэгдэж, 20 хоногийн өмнө попури уран бүтээлээ цацсан. Тэр тусмаа хайрын дуу, поп дуу тухайн цаг үеийн бүх дурсамжийн гэрч болон үлдсэн байдаг. Тоглолтын бэлтгэл бүрэн хангагдаж, үзэгч сонсогчидтойгоо уулзахад бэлэн болоод байна.
Энэ тоглолт дээр дөрвөн хамтлагийн 40 гаруй дууг дуулахаас гадна 2005 оноос хойш 20 жил уран бүтээлээ хийж байгаад завсарласан, тухайн цаг үеийн FM, чартуудыг тэргүүлж байсан өөр бусад уран бүтээлчдийг цуглуулахыг маш их хичээсэн. Жишээлбэл, энэ тоглолтыг зорин БНСУ-аас дуучин А Cool ирж байна. Шоглож хэлэхэд, дуучин BX, дуучин Нара, реппер Темон нараас бусад бүх сонирхолтой олон хамтлаг, дуучин эргэн нэгдэж, тайзнаа гарах болно. Энэ удаагийн зуны задгай талбайн шоуны ар талд 200 гаруй хүн ажиллаж байна. Тоглолтын тайз дэлгэц, дуугаралт, гэрэл чимэглэл маш хурдацтай хөгжиж байгааг энэ тоглолтоос мэдэрнэ. Бид Азийн хэмжээнд тоглолт зохион байгуулахад тун дөхөж байна. Үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож болно. Гэхдээ бидний хувьд маргаашийн тоглолтдоо бүрэн анхаарч байна.
"Нэгэн зүгт" хамтлагийн ахлагч С.Заяа:
-Бид олон сарын өмнөөс тоглолтдоо бэлдсэн. Мэдээж баяртай, сэтгэл догдолж, бараг нойр хүрэхгүй байна. Тоглолтын бэлтгэлээ сайн базааж ямар нэгэн алдаа гаргахгүйг хичээж байна. Үзэгч сонсогчдодоо олон гэнэтийн бэлэг барихаар төлөвлөж байна. Бид 20-иод жилийн хугацаанд уран бүтээлээ хийж, том болон жижиг олон тайзнаа гарч байсан гэдгийг онцолсон юм.
Монголын хайрын дууны хамтлаг, “Цасан бороо”, “Чи минь ганцхан”, “Чамдаа” зэрэг олон олон дуугаараа залуусыг байлдан дагуулж явсан Мотив хамтлаг, Анхны борооноор санаандгүй норж бидэнтэй танилцахдаа Монголын залуусыг нэгэн цагт, нэгэн зүгт хөтөлсөн “Нэгэн зүгт” хамтлаг, "Цасан дээр нэрийг чинь бичлээ" хэмээн дуулж, дуунд хайртай үзэгчдийнхээ зүрх сэтгэлд нэрээ үлдээсэн Take off хамтлаг, "Миний гэр- II" реалити шоуны цуврал болох "Чи шүү" шоунаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн, дуу бүр нь дурсамж агуулах "Sync" хамтлаг хамтран 6 дугаар сарын 7-нд “ALL IN HIT 2” тоглолтоо хийж, SocialPay park-г бут ниргэх гэж байна.
Хамгаас дотны найз нөхөд, хайртай нэгэнтэйгээ нэгэн үдшийг догдолж, дурлаж, мартагдахааргүй өнгөрөөх боломж ийнхүү хаяанд иржээ. Сонсож өссөн хайрын дуунууд тань таны өмнө дахин амилж, дурсамжаараа аялж, дуу хөгжмийг сайхныг мэдэрч, Мотив, “Нэгэн зүгт, Take off, Sync" хамтлагийнхантай доргио үдшийг хамт өнгөрөөцгөөе. Энэ зуны заавал үзэх тоглолт шүү. Сануулж хэлэхэд тасалбарын борлуулалт өндөр байгаа тул тасалбараа эрт захиалахаа бүү мартаарай. 6 дугаар сарын 7-ны өдөр , SocialPay park-д уулзацгаая.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна