Ардын уран зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын конгрессын номын санд тавихаар боллоо

Admin
2025/06/05

Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд АНУ-ын Конгрессын номын санд албан ёсоор бүртгэгдэж, дэлхий нийтэд нээлттэй, түүхийн архив болон хадгалагдахаар болжээ. Энэхүү үйл явдал нь Монголын уран зохиолын үнэт өвийг дэлхийн уншигчдад хүргэх, монгол хэл, соёлыг олон улсын тавцанд сурталчлах чухал алхам болж байгааг эрдэмтэн судлаачид онцолж байна. АНУ-ын Конгрессын номын сан нь дэлхийн хамгийн том номын сан бөгөөд 470 гаруй хэл дээрх ном, материал хадгалагддаг.

Тус номын сан нь АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессын гишүүдэд судалгааны дэмжлэг үзүүлэх зориулалттайгаар эхэлсэн ч, өнөө үед дэлхийн шинжлэх ухаан, соёл, урлагийн үнэт өвийг хадгалсан судалгааны төв болон өргөжжээ.

АНУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүдийг АНУ-ын Конгресийн номын сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэд гардуулан өгчээ. Энэ талаар М.Саруул-Эрдэнэ яриандаа онцлохдоо "АНУ-ыг Конгрессын номын санд Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд тавигдахаар болж байна. Манай Конгрессын номын санд бодлогоор уран зохиолын ном бага авдаг. Гэхдээ уран зохиолын ном авахдаа тухайн хэлтний уран зохиолоос шилж, тэр хэлний охь дээд найруулгатай, утга зохиолын тодорхой жишээ болж чадах дээжийг авдаг.

Энэ шалгуурт яах аргагүй Сэнгийн Эрдэнэ зохиолчийн бүтээлүүд бүрэн нийцнэ. Монголын утга зохиолын уянгын өгүүллэг, үргэлжилсэн үгийн зохиолын ноён оргил болсон хүн байсан.

Номын санч мэргэжилтнийхээ зүгээс хэлэхэд яг Монголын утга зохиолын тод томруун жишээ болсон Сэнгийн Эрдэнийн бүтээлүүд бүрнээрээ ирсэнд баяртай байна. Жирийн уншигч хүнийхээ хувьд хэлэхэд, хар багаасаа уншиж өссөн өгүүлэг, бүтээлүүд, туужууд энд ирсэнд их баяртай байна. Монгол номынхоо сан хөмрөгийг Конгрессын номын санд улам баяжуулна. Монгол номын сан хөмрөг Төрийн шагналт зохиолч С.Эрдэнэ агсны бүтээлүүдээр баяжсанаар монгол хэлний сонгодог жишээ, монгол судлалын бас нэг сан хөмрөг баяжих юм" гэдгийг хэлсэн юм.

Монгол хэл дээрх ховор, орчин үеийн ном, бүтээлүүдийг тус номын сан Азийн уншлагын танхимд байршуулдаг бөгөөд энэ нь Монголын соёл, түүх, уран зохиолыг судлах гадаад эрдэмтэд, судлаачдад үнэт эх сурвалж болж өгдөг. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнэ бол зөвхөн зохиолч бус, монгол хэл, сэтгэлгээний өвийг хамгаалагч, монгол хүний мөн чанарын илэрхийлэл байж чадсан хүн. Түүний бүтээлүүдээс бид зөвхөн түүх, уран сайхнаас гадна амьдралын жинхэнэ үнэ цэнийг мэдэрдэг. Сэнгийн Эрдэнэ нь “Занабазар”, “Өвгөн шувуу”, “Хойд насандаа учирна” зэрэг олон бүтээлээрээ монгол хүний сэтгэлгээ, нийгмийн амьдралыг гүн гүнзгий тусгасан зохиолч юм.

Түүний бүтээлүүдийг дэлхийн уншигчид дахин судлах боломжтой болсноор монгол уран зохиолын үнэ цэн, өв соёлыг олон улсад таниулахад томоохон хувь нэмэр оруулах юм.

Энэхүү үйл явдал нь Монголын уран зохиолын түүхэнд шинэ хуудас нээж, ирээдүй хойч үед соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Монгол гэр бүлийн түүхийг дэлхийд хүргэсэн “Үүл бид хоёр” ном мөн Конгрессын номын санд тавигдсан байна. Тус номын зохиогч Б.Дэлгэртуяа нь Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн бэр, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Монгол Улсын баатар Эрдэнийн Бат-Үүлийн гэргий бөгөөд уг ном нь тэдний амьдралын түүхийг, тэр дундаа гэр бүл, хайр дурлал, социалист лагераас ардчилал руу шилжиж буй хоёр нийгмийн цаг үеийн уур амьсгалын тухай туулсан баяр, зовлон, ухаарал, гэр бүлийн үнэт зүйлсийг энгийн боловч сонирхолтой, сэтгэл хөдөлгөм байдлаар хүүрнэсэн түүхэн зохиол юм.

Энэхүү бүтээл нь Монголын уншигчдын талархалыг ихээхэн хүлээсэн бүтээл төдийгүй бүх цаг үеийн номын борлуулалтаар дээгүүр байр эзэлдэг. Тус номын АНУ-ын Конгрессын номын санд байршуулсан явдал монголын нэгэн гэр бүлийн түүхэн замналыг, монгол эмэгтэйн дотоод сэтгэл, бичгийн соёлоор дэлхийд таниулж буй бахархалтай үйл явдал болж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна