Авьяас билиг гэгч хүн бүрд харилцан адилгүй заяадаг. Хорвоо ертөнц дээр амьдарч буй 7 тэрбум хүний хэн нэг нь онцгой гайхалтай дуу хоолойг эзэмшин төрсөн байхад өөр хэн нэг нь зурж бүтээх, урлан бий болгох хосгүй авьяастай байдаг билээ. Бид “MYCAREEER” ярилцлагын хөрөг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарт циркчин Т.Номуунбаатарыг урьсан юм.
Агаарт нисэн дүүлж байгаа жүжигчид, цамхаг мэт дөрөв таваараа давхарлах акробатчид үегүй юм шиг нугарах нугараачид, сургуультай амьтад гээд циркийн урлаг үнэхээр гайхамшигтай. Авхаалж самбаа шаардсан жонглёр, амь насаа тэнсэн үсрэх акробатчид, хүний санаанд оромгүй өндөрт ямар ч хамгаалалтгүй тэнцэн тогтох жүжигчид гээд циркчдийн хувьд орон зай, дотоод мэдрэмж их шаарддаг мөн хамтрагчдаа амь насаа даатгадаг итгэлцлийн урлаг. Т.Номуунбаатарын хувьд хуучнаар ХБК-ийн Циркийн сургуулийг төгсөн, акробатын чиглэлээр дагнан тоглож байгаад 2013 оноос шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрийг хийж эхэлсэн юм. Өнөөдөр дэлхийд шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр агаарт 6 эргэж буй хоёр л жүжигчин буй бөгөөд хоёулаа Монгол улсын циркчид. Харин түүний нэг нь МУСТА, Т.Номуунбаатар. Энэ үзүүлбэр нь циркийн хүнд төрөлдөө ордог бөгөөд 2017 онд Ардчилсан Солонгос улсын циркчин агаарт 6 эргэх үедээ алдаа гаргаж циркийн алтан манежин дотроо амьсгал хурааж байсан гунигт түүх бий. Гэсэн ч тэр өдөр бүрийн шаргуу бэлтгэл, хичээл зүтгэл, эр зоригоороо өнөөдөр ч агаарт 6 эргэсээр байна. Тэрээр асар богино хугацаанд агаарт 6 удаа эргэж чадсан юм. Өнөөдөр Монгол улс дэлхийн циркийн урлагт шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр тэргүүн эгнээнд бичигдэж байна.
Монголын цирк уран нугаралт, хүндийн өргөлт, морьтны гайхамшиг зэрэг үзүүлбэрээрээ дэлхийд гайхагддаг байсан бол сүүлийн жилүүдэд Шидэх банзнаас үсрэгчид үзүүлбэрээр цойлж байгаа билээ. Ингээд МУСТА, Т.Номуунбаатарын оролцсон “MYCAREER” ярилцлагын нэвтрүүлгийг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна