Арабын Нэгдсэн Эмират Улсын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Ази тивийн авргад 34 орны шатарчид эрэгтэй, эмэгтэй ангилалд шилдгүүдээ тодруулах юм. Энэ жилийн шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-аас оролцож байна. Учир нь Азийн шатрын холбоонд ОХУ-ын Шатрын холбоо элссэн учраас тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа юм. Дэлхийн цомын эрх олгох тус тэмцээнд их мастер 53, эмэгтэй их мастер 19, олон улсын цолтой 228 шатарчин тоглож байна.
Эмэгтэйчүүдийн ангилалд Энэтхэгийн их мастер С.Сэшадри, ОХУ-ын Анастасиа Боднарук, Монголын Т.Мөнхзул нар адил 4.5 оноотой тэргүүлж эхэллээ. Эдгээр шатарчдын араас Хятад, Энэтхэг, ОХУ, Узбекистан зэрэг орны долоон тамирчин адил 4.0 оноотой бичигдэж байгаа. Харин тэдний дунд Монголын Б.Мөнгөнтуул багтжээ.
Шатарчид нийт есөн өрөг тоглохоос таван өргийн тоглолт хийсэн. Өнөөдөр зургаа дахь өргийн тоглолт болно. Энэ өрөгт тэмцээнийг тэргүүлэгч Энэтхэгийн Сэшадри ОХУ-ын Анастасиа Боднаруктай, Монголын Т.Мөнхзул Хятадын Сон Юишинтэй тоглохоор оноолт таарчээ. Мөн их мастер Б.Мөнгөнтуул ОХУ-ын Г.Ольгатай зургаа дахь өрөгт тоглох хуваарь гарсан байна.
Эрэгтэй шатарчдыг Ираны Данэшвар Вардияа, Энэтхэгийн К.Мурали нарын их мастерууд адил 4.5 оноотой тэргүүлж явна. Хятад, ОХУ, Энэтхэгийн таван шатарчин 4.0 оноотой удаалж байна. Манай шатарчдаас олон улсын мастер Г.Амартүвшин гурван оноотой 51-р байрт жагсаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна