Монгол хурдан морины уралдаан, хүүхэд унаач байх уламжлал нь соёлын биет бус өв юм. Нүүдэлчин соёл иргэншилтэй манай улсын хувьд эрт үеэс морь уралдуулан ирсэн бөгөөд эрийн гурван наадмын нэгэнд морины уралдаан ордог. Харин сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүд эрүүл мэнд, тэр бүү хэл амь насаараа хохирох тохиолдол ихэссэнээр хүүхдийн эрхийн тухай асуудал хурцадмалаар хөндөгдөж эхэлсэн. Хурдан морины уралдаан нь сүүлийн жилүүдэд өвөл, хаврын улиралд зохион байгуулагддаг болсон нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн өвлийн болон хаврын морины уралдааныг зогсоож нөгөө талд уяачид Монгол өв уламжлал устаж үгүй болох нь хэмээн жагсаал, цуглаан ч хийгээд амжсан. Судалгаагаар хурдан морины уралдаанд оролцсон хүүхдүүдийн 71.6% нь хаврын уралдааны үеэр хамгийн их бэртэл, гэмтэл авдаг гэж хариулжээ.
Даяаршиж буй энэ нийгэмд бид үндэсний соёл, өв уламжлалаа тээн, хадгалж, өвлүүлэн уламжлуулах нь зөв хэдий ч энэ уламжлал нь хүний эрх, ялангуяа хүүхдийн эрхийн зөрчилд хүрч байвал соёлыг хамгаалах нэрийн дор эрх зөрчих нь зохимжгүй хэрэг юм. Хурдан морины уралдаан нь соёлын өвийн нэг хэсэг боловч хүүхдийн эрхийг хамгаалахын тулд зохион байгуулалт, аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай.
Жишээ нь боолчлол, эмэгтэйчүүдийг харьцаанд хүчээр оруулах зэрэг уламжлалт ойлголтуудыг олон орон “соёл” гэж удаан хугацаанд хамгаалж байсан ч эцэст нь хүний эрх зөрчсөн гэж үзсэн.
Тэгвэл хүүхдийн эрхийг зөрчилгүйгээр өв, соёлоо хадгалаж үлдэх арга замууд бий юу? Хүүхэд морь унахгүй болсон ч, морин уралдаан болон уяачийн соёл устахгүй гэж хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд үзэж буй. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн хүүхдээр морь унуул гэсэн санал гаргасан. Гэвч Монгол адуу намхан учир том хүн унавал морь цуцах учир энэ боломжгүй гэж уяачид, өв тээгчид үзэж байгаа. Харин нөгөө талд дэлхийн талыг дайчин баатруудтайгаа эзэлсэн монгол адуу чухам дайнд мордож чадах ч хурдан морины уралдаанд бол тусыг олж эс чадна гэх ямар логик вэ гэж гайхах хүмүүс ч олон.
Хүүхдийн эрх зөрчигдөх эрсдэл
- Хаврын уралдаануудад унаач хүүхдүүд өдөрт гурван насны морь унаж, 100–112 км замыг туулдаг нь эрүүл мэндэд нь өндөр эрсдэл үүсгэдэг гэж судлаачид үзэж байна
- Хурдан морины уралдаануудад оролцохын тулд хүүхдүүд хичээлээсээ 30 хүртэл хоногоор тасалдаг нь боловсролд нь сөргөөр нөлөөлж, хоцрогдол үүсгэдэг байна
Нүүдэлчин соёлтай манай ард түмний хувьд хүүхэд 5 настайгаасаа адуун дээр мордож, хонь малаа хариулж ирсэн. Уг нь бол хүүхэд морь унах нь, уралдах нь яалтачгүй Монголын өв соёл, ондоошил мөн. Энэ соёлыг дагаад ум марзай, гийнгоо, адууны соёл, эмээл хазаар гээд олон зүйл дагалдаж байдаг. Ард түмний хувьд уяачид өөрийн хүүхдийг унуулахгүй, өрөөлийн хүүхдээр морь унуулж, хичээл номоос завсардуулж байна гэж шүүмжилж буй. Нөгөө талд уяачид Монголын өв, соёлыг устгах гэсэн гадны явуулгад бид толгойгоо мэдүүлж байна гэж шүүмжилсээр. Ямартай ч хүүхдийн эрхийн асуудлаас болж Дүнжингаравын уралдааныг зогсоосон.
Мэдээж Улсын их баяр наадмаар хурдан морины уралдаан болно. Бид хүүхдийн ослын хамгаалалт, даатгал зэргээ сайжруулж хүүхдээ ч, өв соёлоо ч хамгаалан үлдэх талаар төр, хүүхдийн эрхийн байгууллагууд, уяачид хамтран ажиллах хэрэгтэй юм. Соёлыг хадгалах хамгийн зөв арга бол тухайн соёлыг эрх зүйн хүрээнд, хүний эрхийг зөрчихгүйгээр шинэчлэн хөгжүүлэх юм. Хүний эрхийг хүндэлсэн, илүү хариуцлагатай, орчин үеийн хэлбэрт шилжсэн уламжлал илүү бат бөх үлддэг билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна