БАРИМТ, ТАЙЛБАР: Хамгийн эхэнд “Ачит Ихт”-тэй хэлэлцээ хийнэ

М.Үүрээ
2025/05/02

УИХ-ын 2007 оны 27-р тогтоолоор стратегийн ордод 16 ордыг бүртгэсэн байдаг. Энэ 16 ордын долоо нь төрийн оролцоотой бол долоо нь гадаадын хөрөнгө оруулалттай. Үлдсэн хоёр нь МАК-ын эзэмшилд буй.

Улмаар өнгөрөгч 2024 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс Үндэсний баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр дээрх стратегийн ордуудын 34-50 хувийг төр эзэмшилдээ авах асуудал өрнөж эхэлсэн.

Стратегийн ордуудыг төрд авах тухай асуудал бол улс төр, хууль эрх зүй, хувийн хэвшлийн оролцоо, төрийн зохицуулалт зэрэг яригдах өргөн хүрээний, халуун сэдэв болоод байна.

Зарим талаас эдгээр ордуудыг төрд авах нь хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдаа боловсон аргаар “дээрэмдэж”, бизнесийн орчныг эрсдэлд оруулж байна гэх агуулга явж байгаа ч нөгөө талаас Монгол Улсын байгалийн баялгийг ард түмний өмч болгон, үр өгөөжийг нийтэд тэгш хүртээх, орлогоо ирээдүйд хадгалах, өнгөрсөн 20 жилийн алдаагаа засах холын зорилготой гэдгийг онцолж буй.

Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд "Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх" үүрэг бүхий БЭТ (Бүрэн эрхт төлөөлөгч)-ийн орон тоо гаргаж, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд эхний уулзалтууд болж, зарим нь Засгийн газарт хэлэлцээ хийх саналаа өгсөн гэгдэж буй бөгөөд орд эзэмшигчдийн зүгээс стратегийн ордуудыг эрэмбэлэн, шат дараатай төрд авах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдээд байгаа аж.

Бидэнд ирүүлсэн мэдээллээр, юун түрүүнд  “Эрдэнэт” үйлдвэрийн шороон овоолгыг ашигладаг “Ачит Ихт” компанитай хэлэлцээ хийх талаар яригдаж эхэлсэн байна.

“Ачит Ихт” компанийн тухайд, ЕТГ-ын дарга асан П.Цагааны эзэмшлийнх бөгөөд "Эрдэнэт" үйлдвэрийн технологийн хаягдал, овоолгоос зэс гаргаж авдаг гидрометаллургийн үйлдвэртэй.

Гэвч энэхүү үүсмэл ордыг төр 100 хувь эзэмших эрхтэй гэх бөгөөд гол учир нь “Ачит Ихт” компанийн ашиглаж буй түүхий эд буюу зэсийн овоолго нь төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн өмч юм.

Өөрөөр хэлбэл, тус үйлдвэр 100% төрийн өмчит тул түүхий эд ашиглах эрхийг хувийн компанид өгсөн нь анхнаасаа хууль зөрчиж ирсэн гэдгийг албаныхан хэлдэг.

“Ачит Ихт” компани 2003 онд байгуулагдаж, 2009 онд хувьцаа эзэмшигч нар нь солигдож, 2013 онд анх “Эрдэнэт” үйлдвэртэй гэрээ хийж, овоолго ашиглах эрх үүсэж, 2014 онд байгуулсан гэрээгээр 34 хувийг “Эрдэнэт” үйлдвэр эзэмшихээр болсон байдаг. Гэвч 2015 онд үйлдвэрийн Ажлын хэсэг гэрээг дүгнэхдээ "Ашиггүй" гэж тооцоолж, иймийн тулд тул эзэмшлээсээ татгалзаж байжээ. Үүний үр дүнд "Ачит Ихт" ХХК 100% хувийн өмч хэвээр үлдсэн. 

Харин энэ шийдвэрийг гаргасан албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зөв гэдэг байр суурийг Засгийн газраас илэрхийлж, өнгөрөгч 2024 оны дөрөвдүгээр сард “Ачит Ихт” компанийн 34 хувийг “Эрдэнэт” үйлдвэрт шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг.


0
angry
1
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна