Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэл хотод шинээр авто зам болон замын байгууламж барих төслийг нийслэлийн төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. Сүүлийн үеийн суурьшлын гол бүс болох Яармагийн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилго бүхий Яармагийн гүүр гэх нэршилтэй Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл холбосон нийслэл дэх хамгийн урт гүүр буюу 780 метр бүхий 4 хэсгээс бүрдсэн төмөр бетон гүүр барих тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2022 онд зохион байгуулж, нэр бүхий таван компани материалаа ирүүлж байжээ. Тодруулбал, 2022 оны тавдугаар сард зохион байгуулагдсан уг тендерт “Эйч Кэ Би интернэшнл холдинг” ХХК, “Гангүүр” ХХК, “Максрөүд” ХХК, “Больпропертийз” ХХК болон “Мотор сервис” ХХК-иуд өрсөлджээ. Гүүр барих төсөв нь 78,9 тэрбум байсан бөгөөд энэ тендерт 77,8 тэрбум төгрөгийн үнийн санал өгсөн “Мотор сервис” ХХК шалгарчээ.
Хачирхалтай нь, тендерт оролцсон таван компанийн хоёр нь буюу “Эйч Кэ Би интернэшнл холдинг” ХХК болон “Бодьпропертийз” ХХК тус бүр 75 тэрбум буюу хамгийн доод үнийн санал өгсөн байхад Тендерийн тухай хууль зөрчиж, хамгийн бага үнийн санал өгсөнд бус 2,8 тэрбум төгрөгөөр илүү үнийн санал өгсөн “Мотор сервис” ХХК-ийг шалгаруулсан нь эхнээсээ шударга бус явдал болжээ. Гэвч энэ зөвхөн эхлэл нь байсан төдийгүй нийслэлийн хамгийн урт гүүрийг барихаар тендерт шалгарсан болон шалгаруулсан нөхдийн мөрөөр эрэн сурвалжлахад маш олон ноцтой баримтууд илэрсээр байна.
Тендерийн шалгуурт зааснаар, 780 м гүүр нь 391 м, 150 м, 54 м, 36 м бүхий дөрвөн хэсэг бүхий төмөр бетон гүүрийг 1,6 жилийн хугацаанд барих ёстой аж. Гэтэл ашиглалтад орох хугацаагаа сунгаж, элдэв шалтаг хэлж хойшлуулсаар хоёр жил гаруйн дараа хүлээлгэж өгсөн ч гүүр барих явцад 150 м гүүр нь огт баригдалгүй ор сураггүй алга болжээ. 780 м гүүрийг барихад 77,8 тэрбум төгрөгийг санал болгож, улмаар тендерт шалгарсан “Мотор сервис” ХХК 150 м гүүрээ бариагүй атлаа түүний төсөвт өртөг болох 17,7 тэрбум төгрөг хаашаа хийсч алга болсныг хэн ч хариулж чадахгүй байгаа нь гайхалтай. Энэ талаар уг зам, гүүрийн ажилд хяналт тавьж ажиллах ёстой Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад "Магадлалыг нь харахаар 750 м урт гүүр гэж байгаа боловч зураг төслийг нь харахаар 483 м урт гүүр болчихож байгаа юм. Тухайн үед замын урд хэсэгт явж буй трасс нь өөдөө тэмүүлэх гүүрийн трасстай давхцсан учраас тэр гүүрийг түр замаар шийдээд, тэгж байгаад гүүрийн асуудлыг оруулж ирнэ гэсэн яриатай байсан юм билээ” гэж өчигдөрхөн сэтгүүлчдэд өөрийн амаар хэлэв. Гэтэл тендерийн шалгуурт зааснаар, 780 м урт гүүр нь 391 м, 150м, 54 м, 36 м урт дөрвөн хэсэг бүхий төмөр бетон гүүр бөгөөд энэ нь ч гүүрийн зураг төслийг гүйцэтгэсэн “ГБЭТ” ХХК-ийн экспертизийн дүгнэлт болон Зам тээврийн хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтээр тус тус баталгаажиж байгаа юм. Энэ тооцооллын дагуу ч тендер зарлагдаж, улмаар “Мотор сервис” ХХК шалгарсан аж.
Харин яагаад Б.Одбаяр дарга анхнаасаа 483 метр урт гүүр барих байсан мэтээр худал мэдээлэл өгөв? Түүгээр ч барахгүй 150 метр урт гүүр баригдаагүй болохыг хэлсэн атлаа түүний зардал болох 17,7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлэх талаар огт дурьдсангүй. Анхнаасаа 483,1 метр урт гүүр барихаар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт саналаа хүргүүлсэн гэж мэлзэв. Хэрвээ 483 м урт гүүр барихаар зураг төсөлд өөрчлөлт оруулсан бол түүнийгээ дагаад төсөвт өртөг ч буурах ёстой. Гэтэл яагаад тендерийн шалгууртаа 4 хэсэг бүхий 780 метр урт гүүрийн нийт төсөвт өртөг 78,9 тэрбум төгрөг гэж зарлав? Зөвхөн 150 метр урт гүүрийн төсөвт өртөг нь 17,7 тэрбум төгрөг бөгөөд гүүрийн тооцоолол болон дүгнэлтийг Зам тээврийн хөгжлийн төв болон гүүрийн зураг төслийг гүйцэтгэсэн “ГБЭТ” ХХК аль аль нь мэргэжлийн дүгнэлтүүдээ гаргаж, тендер зарлахыг зөвшөөрсөн атал яаж яваад 150 метр нь ор сураггүй алга болоод, 483 метр урт гүүр болон хувирсныг хэн ч тайлбарлаж чадахгүй байна. Ашиглалтад орох хугацаанаасаа бүтэн жил сунжирч, баахан төсөв хөрөнгө нэмж гаргуулсан атлаа дунд нь гүүр алга болгочихсон хүмүүстэй хэн ч хариуцлага тооцохгүй байхыг бодоход нөлөө бүхий эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын гар хөл орсон байх магадлал өндөр байна Авлига ингэж улаан цагаандаа гарч, төсвийн мөнгөөр тоглодог болтлоо томорчихсон юм уу, АТГ-ын дарга З.Дашдаваа танаа!!!
Гүүрээс гадна аудитын дүгнэлтээр 741 сая төгрөгийн зөрчил илрээд байхад ч үүнд ямар нэгэн арга хэмжээ авсангүй өнөөдрийг хүрчээ. Яармагийн гүүрийн авто замын ажлыг бүтээн байгуулах ажлын явцад гүүрийн хойт урд талд буюу эхлэл төгсгөлд хийгдэх 36,5 мянган куб.метр газар шорооны ажлын санхүүжилт болох 741,7 сая төгрөгийг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, ахлах нягтлан бодогч Г.Энх-Амгалан нар “Тотал инж” ХХК, “Мотор сервис” ХХК-иудад тус бүр давхардуулан олгож, Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчжээ. Уг газар шорооны ажлыг гэрээ ёсоор “Тотал Инж” ХХК гүйцэтгэх ёстой байтал “Мотор сервис” компанид давхар олгосон нь гүйцэтгэгч талуудын хооронд маргаан үүсгэж байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл “Мотор сервис” ХХК илүү мөнгө завшсанаа хүлээн зөвшөөрсөн ч 741,7 сая төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй байна. Энэ зөрчлийг Нийслэлийн дотоод аудитын холбооноос илрүүлж, төсвийн мөнгийг эргүүлж төлүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл биелүүлсэнгүй. Харин энэхүү зөрчлийг илрүүлсэн аудиторыг албан тушаал бууруулж шийтгэсэн нь гайхалтай.
Албан тушаалтнууд авлигын хэрэг үйлдэхдээ айж ичиж, авлига өгөлцөж авалцах нь далд нууцаар хийгдэж, ямар сайндаа оймсныхоо түрүүнд авлигын мөнгөө чихэж баригдаж байсан бол одоо авлигачид даам гарч, төсвийн мөнгөнөөс тэрбумаар нь “залгичихаад” томорч суудаг болов. Төсвийн мөнгө уйлдаггүй ч төсвийг бүрдүүлэх гэж иргэд туйлддагийг бодолцож, албан тушаалтнуудын оролцсон байх өндөр магадлалтай 17,7 тэрбум төгрөгийн энэхүү улаан цагаандаа гарсан хэргийг хууль хяналтын байгууллага нь анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.
Сэтгэгдэл (1)