Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг нэгдсэн шийдэлд хүрвэл үргэлжлүүлнэ, ингэж чадаагүй тохиолдолд зогсооно
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн хуралдаан /2025.04.25/-аар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн 67.7 дэмжсэн юм. Уг төслийг УИХ пүрэв гарагаас хэлэлцэж эхэлсэн юм.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг УИХ-аар хэлэлцэхэд 26 гишүүн асуулт асууж, дөрвөн гишүүн байр сууриа илэрхийлж, өргөн хэлэлцүүлэг өрнөсөн. УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг үзэл баримтлал болоод төслийн хүрээнд засаж сайжруулах заалт олон байгаа талаар хэлсэн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, МСНЭ-ээс хэвлэлийнхнийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой гэдэг мэдэгдэл гаргасан. Иймээс Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын хамтаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, УИХ-ын түвшинд эхлээд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд явъя. Ажлын хэсэг байгуулаад төслийг сайжруулах чиглэлээр ажиллая, мөн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллая. Нэгдсэн шийдэлд хүрсэн тохиолдолд анхны хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлээд явна. Нэгдсэн ойлголцолд хүрээгүй нөхцөлд хэлэлцүүлэг зогсоно” гэв.
Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсөлтэй холбогдуулж, гишүүдээс дараах байр суурийг илэрхийлсэн юм.
УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ: Төрийг хэвлэл мэдээллийн зах зээлээс холдуулъя!
-Миний хувьд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг ахалж байна. Энэ хуулийг өөрийн ажлын хэсэг дээр татаж авах саналаа илэрхийлсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр маш олон асуудал байгаа. Зөвхөн сэтгүүлчээр хязгаарлахгүйгээр сошиалаар контент хийдэг хэн бүхний эрх чөлөөг хангах байдлаар өөрчлөх ёстой. Сэтгүүл зүйн бүтээл хийж байгаа иргэдийн эрх чөлөө хязгаарлагдах эрсдэлтэй гэж үзэж байна.
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хамгаалах тал руу чиглүүлж өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна. Төрийн албаны дэргэд байдаг хэвлэлийн албадыг татан буулгая гэдэг санал оруулна. Төрийг хэвлэл мэдээллийн зах зээлээс холдуулъя. Төсвийн мөнгө хэвлэлийн зах зээлээс салгая гэсэн хувийн бодол бий. О.Алтангэрэл сайдад хүсэлт тавьсан. “Танай ажлын хэсгээс гарч байгаа санал хүсэлтийг эвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгая” гэж хэлсэн. Сэтгүүлч нар нэмж эрх чөлөө хүсээгүй. 1998 онд батлагдсан хуулиа хэрэгжүүлээд өгөөч л гэж байгаа. Цар тахлын дараагаас төрийн мэдээлэл олдохоо байсан шүү дээ. Эрх чөлөө гэдгийг эрх чөлөөг хэлнэ. Нээлттэй байх ёстой. Эрх чөлөөг хуульчлаад байх тусам хумигдана.
УИХ-ын гишүүн Л.МӨНХБАЯСГАЛАН: Мэдээлэл нээлтэй байх тусам гүтгэх эрх чөлөө хаагддаг
-Хэвлэл мэдээллийн салбарын зовлон, жаргалыг 28 жил үүрч, дүүрч явлаа. Хүн гүтгэх гэдэг хувь сэтгүүлчийн өөрийн ёсзүйгээр тодорхойлогддог. Үүнийг нээлттэй мэдээллээр зохицуулж өгдөг юм билээ. Швед улс дэлхийд хамгийн алдартай Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуультай. Үндэсний аюулгүй байдал, төрийн онцгой нууц нь хаалттай. Бусад нь бүгд нээлттэй. Мэдээлэл хэдий чинээ нээлтэй байна, сэтгүүлчийн гүтгэх эрх чөлөө хаагддаг юм. Гэтэл бид энд еэвэнгийн хоёр тал шиг зүйл дээр маргаад байна. Өөрөө дампуурах эрх чөлөөг нь хэвлэл мэдээллийнхэнд өгөх ёстой. Дампуурах эрх чөлөө нь өөрсдөд нь байх ёстой. Би гурван байгууллага дампууруулсан.
МСНЭ: Сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулахыг шаардаж байна
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн хурал, дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад МСНЭ болон мэргэжлийн байгууллага, сэтгүүлчдээс төлөөллийг оролцуулаагүй ХЗДХЯ, УИХ-ын Тамгын газрын зохион байгуулалт, процессын үйлдэлд эргэлзэж буйгаа мэдэгдэж байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүргийг дүрмээр хүлээж, гишүүдийн нийтлэг эрх ашиг дээр эвлэлдэн нэгдсэн мэргэжлийн байгууллага болох МСНЭ нь Засгийн газраас өргөн бариад буй дээрх хуулийн төслийг боловсруулах ХЗДХЯ-ны Ажлын хэсэгт төлөөллөөрөө дамжуулан салбарынхны саналыг тусган ажилласан болно. Гэвч хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх хуралдаануудад МСНЭ-ийн төлөөллийг оролцуулаагүйгээс үүдээд тус байгууллага өөрийн чиг, үүргээс татгалзсан мэт ойлголтыг хэвлэл мэдээллийнхэнд болон олон нийтэд төрүүлэхүйц нөхцөл байдлыг үүсгэсэнд харамсаж байна. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлэлцүүлгийн явцад мэдэгдэхдээ төслийг МСНЭ бүхэлд нь дэмжсэн мэт ойлголт төрүүлэх, МСНЭ-ийн удирдлагуудтай ярилцаж тохиролцсон гэх агуулгыг илэрхийлснийг няцааж буйгаа мэдэгдэж байна. МСНЭ нь Ажлын хэсэгт төлөөллөөр дамжуулан ажиллахдаа төсөлд салбарынхны санал, байр суурийг тусгах явцдаа хууль санаачлагчдын байр суурийг харилцан хүндэтгэж, дэмжих боломжгүй бүлэг, заалтын тухайд ч саналаа тухай бүр илэрхийлэн протоколд тэмдэглүүлж байсан бөгөөд зарим асуудлыг УИХ-ын хэлэлцүүлгийн явцад шийдвэрлэх, хууль тогтоогчдын бүрэн эрхийг хүндэтгэх үүднээс хандсан болно. Цаашид УИХ-ын хэлэлцүүлгийн явцад хэвлэл мэдээллийнхний байр суурь, дуу хоолойг тусгах, МСНЭ-ийн төлөөллийг оролцуулах, боломжоор хангаж ажиллахыг Засгийн газар, УИХ-ын Тамгын газраас шаардаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна