FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг эмэгтэйчүүдийн Азийн аварга ирэх долдугаар сард Хятадад эхэлнэ. 31 дэх удаагийн тивийн аваргын шалгаруулах тэмцээн хоёр дивизонтой болно. А дивизоны найман багийн зургаа нь дэлхийн аваргад оролцох эрхийн төлөө тоглох бол В дивизоны аварга нь А хэсэг рүү дэвших учиртай.
Энэ жилийн тухайд өнгөрсөн жилийн В дивизоны аварга Индонезийн шигшээ баг А дивизон рүү дэвшиж, Тайвань 1984 оноос хойш анх удаагаа В дивизон руу унаж, тоглохоор болсон.
В дивизонд өрсөлдөх багуудыг шалгаруулах урьдчилсан шат дөрвөн бүс нутагт болсон. Үүний нэг нь Монгол байлаа. Улаанбаатар хотноо Монгол, Хонгконг, Тайванийн багууд учраа таарч, Тайвань тэргүүлж, Монгол удаалсан. Улмаар Тайвань шууд В дивизонд тоглох эрхээ авсан бол өчигдөр/2025.04.24/ Монголын эмэгтэй шигшээ багийг В дивизонд тоглох болсоныг албан ёсоор зарлажээ.
В дивизонд Энэтхэг, Казахстан, Тайвань, Иран, Монгол, Тайланд, Күүкийн арлууд, Таити гэсэн найман улсын шигшээ багууд өрсөлдөж, ялагч нь А дивизон руу дэвшинэ.
Удахгүй багуудын тоглолт хуваарь, хэсгийн оноолт тодорхой болох юм.
А дивизонд Хятад, Япон, Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Филиппин, Ливан, Индонезийн шигшээ багууд өрсөлдөнө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна