Төв аймгийн Жаргалант суманд айлын гэр шатаж 2-5 насны 3 эмэгтэй хүүхэд галд өртөж нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 21-ний өдөр гарсан. Төв аймгийн Жаргалант сум хавар, намрын улиралд бүх нийтийн их цэвэрлэгээ хийдэг уламжлалтай бөгөөд уламжлалын дагуу тухайн өдөр төрийн байгууллагын ажилчид болон Ерөнхий боловсролын сургуулийн 6-р ангиас дээш ангийн сурагчид хамрагдсан байна. Галд өртсөн айлын аав нь төрийн байгууллагад ажилладаг бол ээж нь дэлгүүрт худалдагч хийдэг. Ээж нь ажилдаа явдгаараа явж, аав болон 6-р ангийн эгч нь бүх нийтийн цэвэрлэгээнд дайчлагдсан байна.
Бүх нийтийн их цэвэрлэгээнд Төрийн албан хаагчдыг дайчлах Засаг даргын шийдвэрийн дагуу тус сумын цэцэрлэгийн эрхлэгч ажилчдаа хамруулахын тулд дур мэдэж тухайн өдөр цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ.
Уг нь бол Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зосоох, амраах шийдвэрийг зөвхөн Боловсролын яам, Засгийн газар шийдэх эрхтэй. Харин ямар нэг давагдашгүй гамшиг осол тохиолдсон үед нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” гэсэн хуулийн заалттай .Гэвч Засаг даргын захирамжийн дагуу Төв аймгийн Жаргалант сумын цэцэрлэгийн эрхлэгч цэцэрлэгийг амраах шийдвэрийг дангаараа гаргажээ.Үүнээс болж 2-5 насны 3 хүүхэд цоожтой хаалганы цаана харгалзах хүнгүй үлдсэнээр галд өртөж амиа алдсан юм. Бүх нийтийн цэвэрлэгээ 15:00 цагт эхэлсэн бөгөөд галын дуудлагыг 15:30 минутын орчимд хөрш айлын эмэгтэй өгчээ. 2020 онд тус суманд галын машин өгсөн ч тэр нь авснаас хойш нэг л удаа ажиллаад дахиж асаагүй. Тиймээс Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумын гал унтраах ангид дуудлага өгчээ. Цаг гаруй зайтай тус газраас гал унтраах анги ирэх үед хэдийн хожимдсон байсан юм.
5 жилийн өмнө буюу 2020 оны 02 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймагт харгалзах хүнгүй байсан 1-5 насны 3 хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарч байсан. Талийгаач хүүхдүүдийн ээж нь үйлчлэгч хийдэг байсан цэцэрлэгийнхээ 50 жилийн ойн бэлтгэл ажилд дуудагдсан хойно гэрийнх нь угаалтуурын хэсэг бөглөрч хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожжээ. Хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгааны эх үүсвэрт залгаатай байснаас дээрх хэрэг үүдсэн байдаг. Энэ цаг үе бол Ковид 19-ийн цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосон үе байв. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж хөл хорио тогтоосон энэ үеэр ээжийг нь ажилдаа ирэх шаардлага тавьсан цэцэрлэгийн эрхлэгчийн хариуцлагагүй үлйдлээс болж мөн л 3 бяцхан амь эндэж, нэгэн ээж өнчирж үлдсэн билээ.Ажилгүй юм шиг амьдарч хүүхдээ өсгө гэдэг нийгмийн шаардлагаас болж хичнээн бяцхан үрс цоожтой хаалганы цаана үлдэж амь насаараа хохирох вэ? Хүүхдэд ээлтэй ТӨР-ийг бид хүсэж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна