Зовлон, саад бэрхшээл хүн бүхнийг нугалж чаддаггүй. Зарим хүнийг харин ч улам гэрэлтүүлдэг ажээ. Өнгөт хорвоог харах нүдгүй ч, амьдралын хамгийн гэрэлтэй аялгууг хүмүүст түгээж яваа хүн бол Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Хүрэлбаатар юм.
Тэр ердөө ой, найман сартайдаа хараагаа алдсан байна. Нүд нь өвдөж, нуухтаж эхлэхэд сумын сувилагчийн зөвлөснөөр ээж нь эм дусаасан нь харамсалтайгаар нүдийг нь түлж, бяцхан хүү тэр өдрөөс хойш дахин хэзээ ч өнгөт хорвоог нүдээрээ харж чадаагүй юм. Хүүгийн хараагүй болсон явдал гэр бүлийг нь ч мөн салгажээ. Ээж, аав хоёр нь хоёр тийш болсон бөгөөд С.Хүрэлбаатар аавтайгаа үлдсэн байна. Харин түүний бага насны хамгийн том мөрөөдөл ээжийгээ харах байжээ.
“Ээж минь ямар хүн бол” гэж төсөөлөхөөс өөр аргагүй өссөн тэр хүүгийн дурсамжинд хамгийн тод үлдсэн зүйл бол хөгжим. Ялангуяа баян хуурын аялгуу. Хөгжимд дуртай хүүдээ аав нь тэр үедээ л хамгийн үнэтэйд тооцогдох баян хуур авч өгч, Улаанбаатар хотын тусгай 29 дүгээр сургуульд оруулжээ. Амьдрал хэцүү, мөнгө чанга цаг үед хүүгийнхээ төлөө бүхнийг зориулсан эцэг нь түүний амьдралын том орон заайг эзэлдэг.
8 настайд нь аав нь хүүгээ дагуулан ээжтэй нь уулзуулахаар очжээ.“Энэ хүн бол чамайг төрүүлсэн хүн” гэж хэлээд уулзуулсан ч ээж нь “Хараагүй хүүгээ дагуулаад ирэв үү, яв” хэмээн хөөсөн гэдэг. Тэр мөчид бяцхан хүүгийн сэтгэлд ямар их гомдол хурсан бол. Гэвч өнөөдөр С.Хүрэлбаатар ээжийгээ буруутгаж, үзэн яддаггүй.“Тэр хүн юу үзэж, юу туулсныг би мэдэхгүй шүү дээ. Намайг энэ хорвоод төрүүлсэн хүн. Тэр хүн байгаагүй бол би өнөөдөр байхгүй” хэмээн өгүүлнэ.
Харин амьдралын хамгийн том түшиг болсон аав нь түүнийг дөнгөж 15 настай байхад хорвоог орхисон байна. Удалгүй ээж нь ч мөн өөд болжээ. Гэсэн ч амьдрал түүнийг ганцааранг нь үлдээгээгүй. Харааны бэрхшээлтэй эхнэртэйгээ хараагүйчүүдийн үйлдвэрт танилцаж, 1990-ээд онд гал голомтоо бадраасан байна. Өдгөө тэд хоёр охин, таван зээтэй өнөр өтгөн айл болжээ.С.Хүрэлбаатар Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртэхдээ “Миний сайн, сайхан явааг аав минь харсан бол...” гэж аавыгаа хамгийн түрүүнд бодсон гэдэг.
Хүний зовлон дуусдаггүй аж. Нялх балчир насандаа хараагаа алдаж, ээждээ гологдон, өнгөт хорвоог харалгүй 60 жилийг туулсан түүнд дахиад нэг сорилт иржээ. Тэрээр бөөрний дутагдлын тавдугаар шатанд орсон байна. “Би аппаратанд орохгүй ээ. Сайхан амьдарлаа. Хань ижилтэй, үр хүүхэдтэй, хүний дайтай амьдарсан” хэмээн нэгэнтээ бууж өгөхийг хүссэн ч охид нь зөвшөөрсөнгүй. “Хүний амь гэж яасан ч бөх юм, хүрээ гэж яасан ч хол юм” гэдэг шиг амьдарч л байна даа гэж тэр ярьсан.
Түүний хамгийн том айдас бол үхэл биш. Харин эхнэрээ өөрөөсөө түрүүлж орхих вий гэсэн айдас.“Эхнэрийнхээ өмнө л үхэх юмсан. Ард нь үлдчихвэл хэн намайг хөтлөх билээ” хэмээсэн.
Ярилцлагынхаа төгсгөлд тэр ердөө ганцхан зүйл хүссэн. “Энэ зовлон надаар л дуусаасай...”
Ингээд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Хүрэлбаатарын оролцсон “My Career” хөрөг ярилцлагыг хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна