Монголын ширээний теннисний холбооны үндэсний дээд лигийн XVII тэмцээн гурван сарын үргэлжилж, өчигдөр “Оч” клубт өндөрлөлөө. 2024-2025 оны лигийн тэмцээнд долоон багийн 40 тамирчин оролцжээ. Лигийн дүн гарахад Г.Чинтөгс эзэнтэй, Б.Содболор дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн “Цайрт Минерал” баг түрүүлж аваргын алтан медаль хүртсэн бол Ц.Гантулга эзэнтэй, Б.Баярмагнай дасгалжуулагчтай Дорноговь аймгийн “Төмөрт өргөө” баг дэд байрт орсон байна. Дээд лигийн хүрэл медалийн эздээр Б.Ганбаатар эзэнтэй, Я.Бэгз ахлагчтай “Итгэлт санхүү-Мастерс” клуб шалгарлаа.
Өнөөдөр дэлхийн ширээний теннисний өдөр тохиож буй. Энэ өдөр лигийн тэмцээний медальт байранд орсон багууд болон шилдэг тамирчдын шагналыг Төв талбайд гардуулахаар болсон байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын ширээний теннисний холбоо хамтран энэхүү түүхэн өдрийг Д.Сүхбаатарын талбайд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ үеэр 2024-2025 оны лигийн тэмцээний шилдэг тамирчид үзүүлэх тоглолт хийнэ. Мөн хүүхэд, залуусын дунд ширээний теннисний тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Өнөөдрийн арга хэмжээний нээлт 13:00 цагт эхлэх бол хаалтыг 20:00 цагт хийхээр болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна