Энэ оны дөрөвдүгээр сарын 22-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа.
Сайд Б.Батцэцэг Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотойгоор солонгосын талд өмнө удаа дараа тавьж ирсэн боловч шийдвэрлэгдээгүй дараах асуудлуудыг хөндөж тавив. Үүнд:
БНСУ-д зорчих хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг тус улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнууд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саатуулах, гар утас болон бусад эд зүйлсийг хураан авч хувийн мэдээлэлд халдах, улмаар албадан буцааж байгааг зогсоох;
БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан иргэд 6 сарын хугацаанд виз мэдүүлэх боломжгүй байгааг цуцлах;
Монгол Улсын иргэд БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлээд хариу авах хүртэлх хугацаанд өөрийн гадаад паспортыг буцаан авах боломжгүй байгаа нь иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байгаа тул визийн хүсэлтийг шийдвэрлэх хугацаанд гадаад паспортыг эх хувиар нь авах бус, харин гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал (Е-Mongolia)-аас олгодог гадаад паспортын лавлагааг материалд нь хавсаргах асуудлыг судалж үзэх;
БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох талаар судалж үзэх;
Сайд Б.Батцэцэг хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд иргэдийн солилцоог дэмжих нь чухал болохыг онцлон, дээрх асуудлуудыг ноот бичгээр албан ёсоор хүргүүлж, шийдвэрлэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Чой Жин Вон монгол иргэдэд тулгарч буй хүндрэлүүдийг ойлгож байгаагаа илэрхийлээд, эдгээр асуудлыг судлан, Монголын талтай хамтран ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна