Баялгийн сангийн тухай хууль батлагдаад яг нэг жилийн нүүр үзэж буй. Энэ хууль батлагдсанаар төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон Стратегийн орд эзэмшигч болон уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой, ашигтай ажилласан ААН-үүдээс орлого төвлөрүүлж, гурван сангаараа дамжуулан иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах боломж бүрдэж буй.
Энэ хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй Монголын томоохон компаниуд чухам яаж газар доорх байгалийн баялгийг хувийн эзэмшилд авсан бэ гэх асуудал хөндөгдөж эхэлсэн. Үүнд хамгийн нэгдүгээрт “Эм Си Эс” ХХК-ийн Ж.Оджаргалын "Энержи Ресурс" ХХК-ийн асуудал зүй ёсоор яригдана. Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос "Ухаа худаг"-ийг хувьдаа шилжүүлсэн гэх асуудлыг Засгийн газраас судлуулахаар Хууль зүйн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж, Хууль бус байжээ гэж дүгнээд УИХ-д өргөн барьсан. Гэвч одоог хүртэл төр өөрийн баялгаа эргүүлэн авч чадахгүй байгаа нь хачирхалтай.
Хууль бусаар улсын хөрөнгийг хувьдаа авсан “Ухаа худаг” ордыг төр эргүүлэн “Энержи ресурсээс” авч чадах эсэх нь тодорхойгүй. Уг нь бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж буй ямар ч ААН, хувь хүн Монгол улсын хуулинд захирагдаж, төрийг дээдлэх ёстой юм. Гэсэн ч УИХ-ын гишүүдийн кнопийг мөнгөөр худалдан авч, угждаг гэх “Эм Си Эс” ХХК-ийн захирал Ж.Оджаргал энэ удаад ямар заль мэх хэрэглэж, хичнээн төгрөгөөр дахин эрхэм дээдсүүдийн кнопыг худалдан авч ард иргэдийн баялгийг өөрийн хэвээр үлдээх бол...
Мөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайширын "МАК" ХХК стратегийн ордод чамгүй олон лиценз эзэмшдэг. Нарийн сухайт, Цагаан суварга, Адуунчулуун, Хөөт гэхчлэн хэдэн арваар тоологдох ашигт малтмалын ордууд энэ компанийн мэдэлд бий. Лизенз эзэмших эрх нь ихэнхи нь 2030 он хүртэлх болоод түүнээс хойшхи хугацаанд хүчин төгөлдөр байхаар тусгагджээ. Эдгээр ордуудаас нэг жишээ л дурдахад “Монголын Алт” компанийн мэдэл дэх Нарийнсухайтын ордын хайгуулыг улсын төсвөөр 1990-1991 онуудад гүйцэтгэж тухайн үеийн яамны Шинжлэх Ухаан Техникийн Зөвлөлөөр хэлэлцэж нөөцийг нь батласан байдаг.
Тэгвэл Баялгийн сантай холбоотой УИХ-д өргөн барих хуулийн төсөлд нэгдүгээрт “Стратегийн ордуудын 34 хувийг Баялгийн санд авна”, хоёрдугаарт “Баялгийн санд хуримтлал үүсгэх ордуудад нэг гэр бүл 20-иос дээш хувь эзэмшихгүй”, гуравдугаарт “Тус ордуудаас өв залгамжлалаар, бэлэглэлээр шилжүүлсэн хувьд 30 хувийн татвар оногдуулна” гэж заасан байгаа. Энэ заалт мэдээж МАК-ын гэр бүлийг чамгүй сандаргаж буй биз. Гэхдээ цагтаа тагнуулч явсан Б.Нямтайширт гаргаад тавих олон хөзөр буй биз.
Стратегийн ордын тоог 55 болгон нэмэгдүүлэх тогтоолын төслийн асуудалд ард түмний хамгийн их анхаарч бас нэгэн орд бол ТӨГРӨГ НУУРЫН ОРД юм.
Монгол улсын ерөнхийлөгч асан,УИХ-ын гишүүн Х.Баттулга “Төгрөг нуурын орд”- ыг гадаадын компанид 250 сая ам.доллараар зарсан асуудал дэлгэгдсэн.
Энэ тухайд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг ТӨГРӨГ НУУРЫН ОРДЫГ үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам. доллараар зарсан нь үнэн. Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж байгаа чинь үнэн. Та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг долоо хоногийн хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье" хэмээн мэдэгдсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Төгрөг нуурын ордыг стратегийн ордод авах ёстой. Х.Баттулга, Д.Жаргалсайхан, Ө.Шижир, О.Алтангэрэл, Г.Хосбаяр гээд гишүүд нэгдэж 21 аймаг тойрсон. Стратегийн ордод 34-50 хувь хүртэлх ордыг авах ёстой. Хуулиа хэрэгжүүлэх ёстой. 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоол, 2024 оны дөрөвдүгээр сард баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэдгээр 21 аймгаар тойрсон. Стратегийн ордод авах ёстой ордуудаа жагсаасан. Энэ дотор Төгрөг нуурын орд байгаа. Хэрвээ энэ Төгрөг нуурын орд Х.Баттулга гишүүнийх байсан бол энэ хүн өөрийнхөө өмчийг ард түмний мэдэлд өгье өө гээд явж байгаа нь шударга гэж тооцох уу, тэнэг гэж тооцох уу? Гэсэн хоржоонтой хариултыг өгөөд буй.
Нэгэнт эх орныхоо баялгийг гадагшаа зарж ашиг хонжоогоо олчихсон хүний хувьд тэр ордыг буцааж авах эсэх нь хамаагүй шүү дээ. Уг нь бол Үндсэн хуульдаа байгалийн баялаг бол ард түмний мэдэлд, газрын хэвлий дэх баялаг төрийн өмч байна гэж заасан. Гэтэл нэгэн цагт улс төрийн тэргүүн явсан Х.Баттулга эх орныхоо баялгийг гадагшаа зарчихаад хуулийн хариуцлага хүлээх нь бүү хэл төр түшилцээд явж байна. Ямартай ч “Төгрөг нуурын орд” нь манай улсын Стратегийн ач холбогдол бүхий ордын нэг тул өөрийн баялагаа төр эргүүлэн авах хэрэгтэй.
Харин энэ ордоо зарсан Х.Баттулгад хуультай, төртэй улс ямар ч хариуцлага оноохыг хүлээх л үлдлээ.
ЭЦЭСТ НЬ УИХ-ААС НЭГ АСУУЛТ АСУУЯ. ЗАСГИЙН ГАЗРЫН ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР СТРАТЕГИЙН ОРДЫН ТООГ 55 БОЛГОН НЭМЭГДҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИХААР ШИЙДВЭРЛЭСЭН. ГЭВЧ УИХ ОДООГ ХҮРТЭЛ ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ЖАГСААЛТАД ОРУУЛАХГҮЙ БАЙГАА УЧИР НЬ ЮУ ВЭ?
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна