ХЭРГИЙН ГАЗРААС СУРВАЛЖИЛСАН ТЭМДЭГЛЭЛ: ДУГААР 2 ТАЛИЙГААЧИЙН ЭХНЭР ХЭРЭГТЭН БОЛСНЫ УЧИР

Admin
2025/02/05

Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн “Хүндэт доктор”, Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, Цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч Загдын Батсүхийн Хэргийн газраас  сурвалжилсан тэмдэглэл номоос... Энэ хүү ном дээр дурдагдсан үйл явдлууд нь  шүүхээр таслан шийдвэрлэгдсэн бодит гэмт хэргүүд болно.

Хэнтий аймгийн Дархан сумын төвд эхнэр, дөрвөн хүүхэдтэйгээ амьдарч байсан тракторын жолооч Л.Батмөнх гэгч 34 настай залуу 1983 оны 8 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ унтаад өглөө болоход орондоо нас барсан байжээ. Тэр шөнө гэрт нь эхнэр Буянжаргал, 1-10 насны гурван хүүхдээс өөр хүнгүй тавуул хоносон бөгөөд хаалга нь дотроос уяатай хоножээ. Маргааш нь Дархан аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн дарга Ж.Банзрагч, хүний их эмч И.Од нар газар дээр нь очиж үзээд онцлог сэжигтэй зүйлгүй хэмээн нүдээр үзсэн тухай товч протокол бичиж, цагдан сэргийлэхийн хэсгийн төлөөлөгч Д.Дангаасүрэнд өгчээ. Талийгаачийн ах дүүс цугларч гурав хоногийн дараа буюу 8 дугаар сарын 25-нд шарилыг хөдөөлүүлсэн байлаа. Гэтэл Хэнтий аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт асрагч байсан талийгаачийн эгч болох Г.Өлзийхутаг 8 дугаар сарын 26-нд нас барсан шалтгааныг тогтоолгоно гэж аймгийн төвөөс шүүх эмнэлгийн шинжээч эмч Д.Лхагвааг дагуулан ирж, хэсгийн төлөөлөгчид өргөдөл гаргасны үндсэн дээр тусгай комисс томилогдож 8 дугаар сарын 27-ны өдөр оршуулсан шарилыг хөндөж цогцост задлан шинжилгээ хийжээ. Задлан шинжилгээний актад их эмч Д.Лхагваа “Тархины суурь яс цуурч, аман хүзүү нь салж булгарсан, эрүү мултарсан, зүүн бөөрний дээд талд няцралт үүссэн: Эдгээр хүнд гэмтэл нь мохоо гадаргуутай хатуу биетийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн, ялангуяа толгой дээрээс болон ар шилэн хүзүү орчимд үүссэн гэмтэл нь хохирогчийг сэхэшгүй үхэлд шууд хүргэсэн болно:” гэсэн дүгнэлт  гаргасан байна. Нэгэнт ийм дүгнэлт гарсан болохоор хүнийг хэрцгийгээр алсан гэмт этгээдийг даруй тогтоож шийдвэрлэх ажилд цагдаагийн ажилтнууд шуурхайлан орсон байна.

Шүүх эмнэлгийн “Дүгнэлт” гарсан орой Бор-Өндөрийн цагдан сэргийлэх группийн дарга Ц.Батцэрэн хэсгийн төлөөлөгч Д.Дангаасүрэн нар талийгаачийн эхнэр Д.Буянжаргал гэгч бүсгүйг хууль ёсны  ямар ч тогтоол, прокурорын зөвшөөрөлгүй баривчлан авчирч сэргийлэх групп дээр хорьжээ. Маргааш нь буюу 8 дугаар сарын 28-нд хошууч Ц.Батцэрэн анхны байцаалтаар л“Хүн  амины хэргийн” эзнийг тогтоож, бүх үйлдлийг хүлээлгэснээр барахгүй, өчиг мэдүүлгийг өөрөөр нь бичүүлж”...хэзээ ч энэ бичсэн зүйлээсээ буцахгүй гэдгээ батална. Должингийн Буянжаргал. 1983.03.28” гэсэн гарын үсэг авч чадсан байна. Гайхалтай нь шүүх эмнэлгийн эмч Лхагваагийн бичсэн шинжилгээний акт, сэжигтэн эмэгтэйн мэдүүлэг хоёр хоорондоо үг үсгийн зөрүүгүй  шахам таарч байв.

Даргынхаа “Мэргэжлийн уран чадвар”-т итгэн биширсэн төлөөлөгч Д.Дангаасүрэн  нь шуурхайлан ажиллаж, урьд нь хийгээгүй байсан “Сэжигтэнг цагдан хорих тогтоол”, “Цогцсыг оршуулсан газраас нь гарган авах тогтоол,”Шинжээч томилох тогтоол зэрэг хууль ёсны баримтуудыг нөхөн бичиж, гэрчүүдийг байцааж, эрүүгийн  хэрэг үүсгэх тогтоол үйлдэж хэрэг бүртгэлийг дуусган мөрдөн байцаагчид шилжүүлжээ. Хэргийн материалтай хамт тэр айлын гэрт байсан модон мухар сандал, гурил элддэг гулууз мод хоёрыг хураан авч нотлох баримт болгон хүргүүлсэн байна. Ийнхүү Хэний аймгийн Дархан суманд нэг залуу гэнэт нас барж, шүүх эмнэлгийн эмч Д.Лхагваагийн гаргасан дүгнэлт, хошууч Ц.Батцэрэнгийн байцаалтаар нас барагч бусдын гарт амь эрсэдсэн, түүнийг үйлдсэн этгээд нь эхнэр Д.Буянжаргал  болох тухай дуулиан дорхноо тархаж, нутгийн хүмүүсийн гайхал эргэлзэл, жигшил дургүйцлийг төрүүлж байсан юм.

Хэргийн материал хүлээн авсан Хэнтий аймгийн цагдан сэргийлэх хэлтсийн мөрдөн байцаагч ахлах дэслэгч Баасанжав гэмт үйлдлээ хүлээсэн Д.Буянжаргалыг 1983 оны 9 дүгээр сарын 10-нд яллагдагчаар татаж мөрдөн байцаалтаа эхэлсэн байна. Гэтэл анхны байцаалтаар л  Д.Буянжаргал “Би нөхрөө алаагүй, гар ч хүрээгүй. Хошууч Батцэрэн айлган сүрдүүлж, түүний эхнэр сэргийлэхийн ажилтан Цэнджав гэдэг эмэгтэй ятгасан учир би огт үндэсгүй худлаа хэлсэн юм” гээд өмнөх мэдүүлгээсээ буцаж, хэргээ хүлээсэнгүй.

Ацан шалаанд орсон мөрдөн байцаагч маань сэжигтэн этгээдийн гэмт үйлдлийг нотлохын тулд бусад холбогдох судалгааг хийж, гэрчүүдийг байцааж, Д.Буянжаргалын түүх, хамаатан садан, хань харилцаа, зан чанарыг магадлахаар хөөцөлдөхийн сацуу хэргийг хүлээлгэхээр байцаасаар л байв. Ингэсээр нэгэн он шувтарчээ.

1984 он гарсаар байцаагдагч Буянжаргал “Шүүх эмнэлгийн эмчид гомдолтой. Талийгаачийн цогцост дахин  шинжилгээ гаргуулж өг. Би нөхөртөө гар хүлээгүй атлаа түүнийг зодож алсан ял тулгагдлаа. Үхтлээ гомдолтой гэдэг болжээ.Мөрдөн байцаагч зарим сэжиг гаргав. Эр эм хоёр гэртээ үе үе муудалцдаг, бас зодолддог,нэг удаа галын хайчаараа нөхрөө  татаад авахыг сургуулийн сурагч үүдээр нь өнгөрөхдөө онгорхой хаалгаар нь харсан, шарилын хайрцагт цогцсыг Буянжаргалын ах Д.Ухнаа ганцаараа хийсэн, мөн нас барсан хүн мухар модон сандалд тээглэж хөлөө цохисноос уурлан хэмх цохино гэж сүхээр балбаж, эхнэртэйгээ хэрэлдэж зодолдсон бололтой гэсэн сэжиглэл гаргаж, энэ мөрөөр нь шалгасан байна. Энэ бүхний улмаас энэ хэрэгт гол нотлох баримт болгон модон сандал, талийгаачийн толгой хүзүүн дундуур цохисон байж болох гулууз мод хоёрыг хуваан авч хэргийг материалд хавсаргасан байна. Мөн Д.Буянжаргалын түүх намтар, зан аашны байдал сэжиглэл гүнзгийрэхэд нэмэр хачир болсон бололтой. Учир нь тэр үед 29 настай байсан тэр эмэгтэй 5 хүнтэй ханилж байгаад салсан бөгөөд талийгаач Батмөнх 6 дахь нөхөр нь байв.

Гэрч болон бусад хүмүүсийн ярианаас үзвэл Буянжаргал нь хэл ам түргэн, хэрүүлч, хурц ширүүн зантай, бусадтай хэрэлдээд дэлсээд авахаас буцахгүй, нөхөр нь үг дуу багатай, ноомой мунгинуу эр байсан учир түүндээ дээрэлхүү маягтай ажиглагддаг байсан гэдгийг олж мэджээ. Мөрдөн байцаагч дээрх баримтуудыг үндэслэн хэргийг дахин хүлээлгэх, анхны мэдүүлгээ буцсан шалтгааныг олох гэж тулган байцаасаар, хүүхэн ч би хийгээгүй гэж зүтгэсээр хагас жил гаруй мөрдөгджээ. Нэг өдөр Буянжаргал “Манай нөхрийг Батбаатар гэгч залуу зодож алсан, би түүнтэй эр эмийн холбоотой байсан гэж” мэдүүлжээ. Тэр дагуу Батбаатарыг 14 хоног цагдан хорьж, сэжигтнээр байцаахад үндэсгүй гүтгэлэг болох нь тогтоогдов.

Буянжаргалаас яагаад хүн гүтгэж, худал хэлэв? гэвэл тэрээр “Үнэн ярихаар худал ярилаа гээд байдаг болохоор чинь зориуд худал хэлсэн юм” гэж хээв нэг өчиж суусан ажээ. Мөрдөн байцаагч Баасанжав ийнхүү өөр юм бодолгүй, гарын дор байсан ганц эмэгтэйг “хоргоосоор” найман сар өнгөрсний дараа 1984  оны 5 дугаар сарын 5-нд Д.Буянжаргалын гэмт үйлдэл нь  батлагдаж байх тул урьдчилсан мөрдөн байцаалтыг тасалбар болгон зогсоож, Эрүүгийн хуулийн 70 дугаар зүйлийн А-д зааснаар ял төлөвлөн Хэнтий аймгийн цагдан сэргийлэх ангийн дарга хошууч Ц.Цэндсүрэнгээр зөвшөөрүүлж, прокурор Х.Үржиндоржоор батлуулан аймгийн шүүхэд шилжүүлсэн байна.

Аймгийн шүүх хэргийн хавтаст материалыг хянан хэлэлцээд “Д.Буянжаргалын гэм буруу нь бүрэн нотлогдоогүй байна” гэж шүүх хурлын магадлал гарган буцаажээ.

Мөрлөн байцаагч Баасанжав уг хэрэг дээр мөрдөн байцаах ажиллагааг үргэлжлүүлэн хийхдээ шинээр нотлох баримт, үйлдлийг  батлах тодорхой үндэслэл гаргаж чадаагүй байх бөгөөд мөн оны 7, 10 дугаар сард дахин ял төлөвлөж, шүүхэд шилжүүлсэн боловч аймгийн шүүх хурал хэргийг буцааж байв. Ийнхүү уг хэрэг дээр 3 удаа ял төлөвлөж шүүх хурлаас буцсан, мөн яллагдагч өргөдөл гомдол гаргасан учир Улсын прокурорын газар хэргийг авч хянан үзээд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Мөрдөн байцаах газраас газар дээр нь хүн явуулж ажиллуулах үүрэг өгчээ.

Улсын прокурорын албан бичгээр өгсөн үүргийн дагуу Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч дэд хурандаа Ч.Пүрвээ газар дээр нь очиж, 1984 оны 12 дугаар сарын 8-наас зарим зүйлийг тодотгох зэргээр 10 хоног ажиллаад урьдах хүний адил “Д.Буянжаргалын үйлдэл батлагдаж байна” хэмээн ялын төлөвлөгөө үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Ингээд 1985 оны 9 дүгээр сарын 11-нд Хэнтий аймгийн төвд эрүүгийн хэргийн шүүх хурал болж шүүх хурал Д.Буянжаргалд Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлээр 15 жил хорьж шийтгэж, ялыг чанга дэглэмтэй колонид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Ял сонсоод Д.Буянжаргал Улсын дээд шүүхэд “Зохиомол хэрэгт тулган шийтгэгдлээ” гэж давж заалдсан өргөдөл бичиж өгсөн байна. Дээд шүүхийн эрүүгийн хэрэг эрхэлсэн коллеги хэргийн болон шүүх хурлын материалыг хянан хэлэлцээд асуудалд хайнга, дутуу дулимаг хандаж, хууль зүй зөрчсөн болохыг баримтаар нотолж, шинэчлэн хэлэлцүүлэхээр аймгийн шүүхэд буцаажээ.Гэтэл аймгийн шүүх шүүн таслан хурлыг дахин хийхээр бэлтгэж хоёр сар өнгөрсний дараа шүүх бүрэлдэхүүний зарим хүнийг солиод 1985оны 3 дугаар сарын 14-нд хурал хийж, урьд гаргасан таслан шийдвэрлэх тогтоолоо хэвээр баталсан байна. Энэ үед Буянжаргал Улсын Дээд шүүхэд дахиад л давж заалдсан өргөдөл гаргажээ.

Улсын дээд шүүхийн эрүүгийн коллегийн гишүүд таслан шийдвэрлэх тогтоолыг хэвээр үлдээж, Д.Буянжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн магадлал гаргажээ. Ийнхүү “Хүн амины дуулиант хэрэг”-ийг мөрдөн шалгах, шүүн шийдвэрлэх ажил гурван он дамжин яллагдагчаар татагдсан эмэгтэй хоёр жил шахам мөрдөгдсөний эцэст Д.Буянжаргалыг 1985 оны 3 дугаар сарын  15-нд Эмэгтэйчүүдийн хорих ангид ялыг эдлүүлж хүмүүжүүлэхээр шилжүүлсэн ажээ.  Ялтан болсон Д.Буянжаргал шоронд орсон цагаас эхлэн “Уг хэргийг би үйлдээгүй, үнэн мөнийг нь олж өгнө үү” гэж хуулийн бүх дээд байгууллага, Ардын их хурлын тэргүүлэгчдийн газарт  өргөдөл, гомдол гаргаж байв. Тэдгээрт улсын прокурорын туслах Б.Янжмаа, дээд шүүхийн нэгдүгээр орлогч С.Дангаасүрэн нар “Уг хэрэг нотлох баримтуутад нотлогдсон, ял тохирсон, хуулийн зүйл анги зөв, дахин шалгах шаардлагагүй” гэж дөрвөн удаа хариу өгсөн нь одоо ч хэргийн хавтаст материал дотор байна. Гэтэл Буянжаргал гэнэт “Миний нөхрийг С.Далхаа гэдэг хүн алсан” гэсэн шинэ мэдүүлэг гаргаж ирсэн байна. Харин Далхаа ямар ч холбогдолгүй байв. Ийнхүү мөрөөрөө явж байсан жирийн нэг иргэн энэ явдлын золиос болж 8 сар мөрдөнд сууж хохирчээ. Яагаад хүн гүтгэснийг асуухад Д.Буянжаргал “миний талаар хуулийнхан анхаарахгүй болохоор дахин сайн шалгуулах, зориуд шуугиан тарихаар энэ хүнийг гүтгэсэн юм” гэжээ.

Харин хуулийн зарим ажилтны санаачилгаар 1988, 1989 онд шүүх эмнэлгийн комисс шинээр томилж, нас барагчийн цогцост хоёр удаа шинжилгээний дүгнэлт гаргуулжээ. Шинэчилсэн комиссын шинжилгээгээр эмч Д.Лхагваагийн 1983 онд анх гаргасан дүгнэлтүүд алдаатай, шинжлэх ухааны үндэслэлгүй, буруу болох нь нотлогдсон байна. Буруу дүгнэлт гаргаж, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан Дамын Лхагваад 1988 оны 8 дугаар сарын 28-нд эрүү үүсгэн шалгасан боловч хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болгожээ. Энэ бүхний эцэст Улсын прокурорын газар уул хэргийг таслан шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгох тухай шийдвэрийг 1989 оны 11 дүгээр сарын 22-нд гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд дахин мөрдан байцаалт явуулахаар тогтжээ. 1990 оны эхээр Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч дэд хурандаа С.Дамдин шинэчилсэн мөрдөн байцаалтаар нарийвчлан шалгаж “Энэ явдал нь хүн амины хэрэг гэж үзэх үндэслэлгүй, Д.Буянжаргал нь үүнд холбогдолгүй” гэсэн дүгнэлт гаргаж, 1990 оны 3 дугаар сарын 20-ны өдөр уг хэргийг хэрэгсэхгүй болгон Д.Буянжаргалыг суллав.

Ийнхүү эрээн бараан амьдралын ээдрээ нугачаанд унаж босож явсан хөдөө нутгийн жирийн нэгэн бүсгүй “Хүн амины хэрэгт” долоон жилийн турш орооцолдож, бүтэн 5 жил хагасын хугацаанд шоронд ялтан болон сууж, бие сэтгэлийн хүнд дарамт, зовлон зүдүүр үзэж, нөхөгдөшгүй гарз хохирол амссан ажээ. Суллагдсаны дараа Д.Буянжаргал “Миний нөхөр Батмөнх уушгины өвчтэй, багадаа сахуугаар өвдсөн учир бөгшүүлж их ханиадаг, хааяа хоолой нь боочих гээд байдаг юм. Тагнай нь цоорхой учир гуншиж ярьдаг, цай уухаар хамраар нь гардаг, будаанд цацдаг ийм атлаа тамхи маш их татдаг хүн байсан юм. Өөд болсон нь үүнтэй холбоотой байх” гэж ярьсан байна.

Энэ хэрэг дээр ажилласан хуульчид гагцхүү шинжээчийн дүгнэлтэд хөтлөгдөн яллах талаа хэт үнэлэн өрөөсгөлөөр хандаж, муйхарлан зүтгэснээс ийм байдалд хүрчээ. Мэдлэг мэргэжилдээ тааруухан, нарийн ажилд бүдүүн таамгаар ханддаг хуулийн болон эмнэлгийн зарим ажилтны хариуцлагагүй, цалгар назгай явдал юунд хүргэж болохыг энэ явдлын гашуун сургамжаас харж болох юм. Хэргийг хянан баталж шийдвэрлэсэн улсын болон аймгийн шүүх, прокурорын байгууллагын дээр нэр дурдсан хариуцлагатай ажилтан нар Нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцох зарчмыг зөрчиж, хууль ёсыг гажуудуулан иргэн Д.Буянжаргалыг олон жил сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалын үнэлэмж хохиролд унагаажээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна