Монголчууд бид эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд гэсэн Буддын шашны сургаалыг даган, мөрдөж, буянаа зориулж ирсэн. Энэ яваа насандаа хэр хэмжээний буян үйлдэнэ тэр буян нь дараа төрөлд нь буцаж ирнэ гэдэг философи биднийг магад өнөөдөр зөв хүн байхад чиглүүлж өгдөг биз ээ. Хамаг амьтны тусын тулд энэ насаа зориулдаг хүмүүс бол эмч гэж хэлэхэд хилсдэхгүй. Эмч хүн Төрийн өмнө тангараглахдаа:
Эмч би Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө
Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа
Тангараглая, Тангараглая, Тангараглая гэдэг.
Тэгвэл эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө гэдэг тангарагтаа үнэн ч болж олон зуун хүний амийг аварсан Монгол улсын Төрийн соёрхолт, Хүний эх эмч П.Батчулуун ажил мэргэжлийнхээ дагуу үүргээ гүйцэтгэж яваад 2,6 жилийн хорих ялыг шүүхээс аваад байгаа билээ. П.Батчулуун эмчийг хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан гэм буруутайд тооцож энэ сарын 20-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх хэлэлцэж түүнд 2,6 жилийн хорих ялыг оноосон. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйлээр ялласан байна.
Уг заалтын 2 дугаар хэсэгт
Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний цусыг, эсийг авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
Хэргийг эргэн сөхвөл иргэн Б 2023 оны наймдугаар сарын 6-ны өдөр “Тоёота” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ явган зорчигч А-г мөргөсөн. Иргэн А Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2023 оны наймдугаар сарын 8-ны өдөр нас баржээ. Амь хохирогч тархины үхэлтэй болсон нь тогтоогдсон тул А-гийн ар гэрийнхнээс талийгаачийг амьгүй донор болгож элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авчээ. Ингэхдээ “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т “А нь тархины эргэшгүй өөрчлөлт орсны улмаас ГССҮТ эмнэлэгт нас барсан тул түүний элэг, бөөр, шөрмөсийг бусдын амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах донорын буянт үйлсэд зориулан хандивлахыг зөвшөөрсөн болно” гэж бичжээ.
Ингээд эрхтэн шилжүүлэх хагалгаа хийгдэж талийгаачийн эд, эрхтэн гурван хүнд амьдрал бэлэглэсэн байна. Гэвч тухайн хагалгаанаас нэг сарын дараа А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг буюу толгойн шөрмөсийг тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсгийн хамт, саран жийргэвч шөрмөс semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмгөний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, хүний эрхтэн болох цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан талаар талийгаач буюу амьгүй донорын ар гэрийнхнээс гомдол мэдүүлж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлснээр Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан П.Батчулуун эмч буруутгагдаж эхэлсэн юм.
Тэрээр тус эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг гардаж хийгээгүй бөгөөд талийгаачийн ар гэрийнхэнд нөхцөл байдлыг танилцуулж, донор болгох тухай санал гарган зөвшөөрлийн хуудаст гарын үсэг зуруулжээ. Талийгаачийн тухайд өрх толгойлсон 2 хүүхдийн ээж байсан бөгөөд, эд залуу 30 насандаа авто ослын улмаас хорвоог орхисон юм. Донор болж буй хүн болон амьгүй донорын ар гэр хуульдаа тэтгэмж авах ёстой байдаг. Гэвч талийгаачийн ар гэрт талийгаач охиных нь донор болсны тэтгэмж орж ирээгүй байна. Учир нь нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолд “Амьгүй донор болж, эс, эд, эрхтнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн ар гэрт дэмжлэг үзүүлнэ “гэсэн заалт байдаг. Энэхүү дэмжлэгийг авахын тулд 36 сар улсад хөдөлмөрлөж, нийгмийн даатгал төлсөн байх ёстой. Харамсалтай нь талийгаач нийгмийн даатгал төлдөггүй байсны улмаас уг дэмжлэгийг ар гэрийнхэн нь авах боломжгүй болсон байна. Харин Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас энэ асуудалд анхаарал хандуулж нөхөн олгохоор хөөцөлдөж байна, манай төрийн байгууллагын дотоод хууль журам дундаа нийцэхгүй асуудлууд их байгаа тухай П.Батчулуун эмч хэлж байсан юм.
Монгол улсын үндсэн хуулийн 15 дугаар зүйл. Амьгүй донороос эс, эд эрхтэн авах
15.1.Тархины үхэлтэй нь тогтоогдсон донороос эс, эд, эрхтэн авна.
15.2. Энэ хуулийн 13.2-т зааснаас бусад амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа нас барагчийн гэрээслэл, түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, хамтын амьдрал бүхий гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр авна.
15.3.Амьгүй донороос эс, эд, эрхтэн авахдаа зүрхний үйл ажиллагааг зохиомлоор удирдана.
15.4.Донорын эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах ажилбарт оролцож байгаа буюу реципиентийг эмчилж байгаа эмч энэ хуулийн 10.1.2-т заасан багийн бүрэлдэхүүнд орохыг хориглоно гэж заажээ.
Нэг талдаа гурван хүний амь насыг аврах шийдвэрийг гаргаж, үүргээ биелүүлсэн эмч хүнд 2,6 жилийн хорих ял оноосон нь буруу гэж үзэх иргэд бий боловч нөгөө талд энэ бол эд эрхтний наймаа гэж эмчийг буруутгаж буй иргэд ч бий. Мөн шашны талаас харсан ч талийгаачийн цогцост хүндэтгэлтэй хандах тухайд ар гэрийнхэнд буруу өгөх нь ёс бус билээ.
Тархины үхэл нь жинхэнэ үхэл гэж тооцогддог. Учир нь тархи бүх биеийн үйл ажиллагааг хянадаг бөгөөд тархины үхэл болсон үед хүний бие амьдралыг үргэлжлүүлэх чадваргүй болдог. Үүнийг ДЭМБ хүлээн зөвшөөрснөөр тархины үхэл гэж оношлогдсон хүнийг анагаах ухаан үхсэн гэж тооцдог болсон түүхтэй.
Монгол Улс 2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан бөгөөд үүнээс хойш тус алба тархины үхэл гэсэн оноштой 69 өвчтөний гэр бүлтэй уулзаж, өвчтөнийг нь донор болгох санал тавихад 34 нь зөвшөөрсөн байна. Тэдний 29-өөс нь элэг, бөөр, шөрмөсийг нь авч, 43 хүнд бөөр, 26 хүнд элэг, 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. Ийнхүү 29 амьгүй донор 69 хүнд амьдрал бэлэглэн нарт хорвоогоос буцсан байна. 2 сарын өмнөх мэдээллээр ХСҮТ-д 209 өвчтөн элэг, ЭХЭМҮТ-д 14 хүүхэд бүртгэлтэй байна. УНТЭ-т 821 иргэн бөөр, 223 иргэн элэг, 1 өвчтөн шөрмөс, 24 өвчтөн ясны чөмөг суулгуулахаар хүлээж байна. Гэвч дээрх үйл явдлаас болж амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орох эмч нарын ир мохож, шийдвэр гаргах удирдлагууд цөөрч буй тухай сошиал орчинд эмч нар бичсээр байна.
Шинжлэх ухааны талаас авч үзвэл тухайн үеийн шийдвэрээрээ 3 хүний амь насыг аварсан П.Батчулуун эмчийг буруутгах арга үгүй билээ. 3 хүний эрдэнэт амийг аварсныхаа төлөө ялтан болоод буй П.Батчулуун эмч нь Монгол улсад эд эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг нэвтрүүлж нутагшуулах, тус хагалгааг олон улсын түвшинд хүргэж үсрэнгүй амжилт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулсан эмч нарын нэг юм. Батчулуун эмч нь 2021 онд эрхтэн шилжүүлэн суулгах Азийн холбооны 17 дугаар хурлаар тархины үхэлтэй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгох анхны хүндэт шагналаар шагнагдаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна