2009 он. “100-н ундаа” гэдэг цомог худалдаанд гарав. “Морь аймаар гоё...” гэж бахирсан хэдэн хүүхдийн дуу моод боллоо. Монгол хэлийг гутаасан, “Аймаар нь гоё байхдаа яадаг юм” гэж настнууд үгүйсгэсэн ч утга учир нь хожим тайлагдах үнэ цэнтэй байж. Шинэ мянганд дуу болох ерөөлтэй “Морьтой ч болоосой” кино 1959 онд дэлгэцэд гарч байв. Яг 50 жилийн дараа энэ дуу, гайхалтай давхцал биш гэж үү.
Энэ дуу цацагдсанаас хоёр жилийн дараа Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоол батлагдсан. Тогтоол морьтон соёлтой холбогдоно. Бүр цаашлаад Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзээд, нөхөн төлбөр олгуулах зорилт тавьчихсан. Ингээд төрийн бодлого нэг талдаа гараад “буруутгах операц” амжилттай өрнөсөн дөө. Одоо татан буугдчихсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2019 онд морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсэг гаргаад орон даяар шалгалт хийв. “2017-2018 онуудад нийт 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж 22 хүүхэд хүнд гэмтэл авч нэг хүүхэд тахир дутуу болсон байна” гэж дүгнэв. Зөвхөн энэ л дүгнэлтийг бариад, төрийн сайд тушаал гаргасан. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын сайд нь 2016 оны А/36 тогтоолоор тушаагаад, 2019 оны 1-р сарын 30-нд Засгийн тогтоол тас хийтэл буусан.
“Морь аймаар гоё...” Аливаа улсын үндэсний амин чанар нь нөгөө улсын гадаад болон дотоод хэрэгтэй уялдахгүй байх учиртай. Монгол хүнийг монгол болгож байгаа тэр амин чанар нь юу гээч, монгол ёс заншил, тэр дундаа морьтны соёл. Данийн антропологич Хеннинг Хаслунд 1934 онд монголд зорчсон тэмдэглэлдээ “Монгол хүний хүч чадал, хурдан шаламгай байдал ямар ч балетчнаас илүү” гэж уулга алдаж байлаа. Бетонон ширэнгэнд өссөн та, чи, бид морьтны ёсыг нэг хүн уячихаад, нэг хүүхэд тавьчихаад уралдуулдаг гэж харж болох. Гэвч түүнийг дагасан соёл нь НТӨ 2000-аад жилийн тэртээ, наадмын түрүү магнайг “Түмэн эх” гэж цоллосон домгоос хойш 300 жилийн түүхтэй Монгол Улс адууны соёлоо ийм амархан гээх учиргүй.
“Морь аймаар гоё...” Уламжлалт эрийн гурван наадмын нэг нь хурдан морины уралдаан юм. Монголчуудын дунд эртнээс хурдан морь шинжих, уях, сойх арга ухаан, уламжлалт ёс заншил ихэд түгжээ. Монгол түмэн адууны тэнгэр хэмээн Дамдинянсан бурханыг шүтэж хурдан мориныхоо хийморийг сэргээх, элдэв саа тотгороос хүүхэд болон хурдан морио хамгаалах зорилгоор зүрхэн таринаар нь гийнгоолдог уламжлалтай. Ер нь хурдан морь унах хүүхэд олдохгүй байна гээд нүдэнд таарснаа үсдээд суулгадаггүй. Жин хөнгөн, хараа хурц, ухаан цэлмэг, хүлгээ мэдэрч, замаа хэмждэг хүүхдийг сонгодог. Ийм хүүхэд олон заяагаад байхгүй. Уяач хүний хүүхэд ч тэр бүр таараад байх нь ховор. Соц үе шиг уяач хүний хүүхэд л унаач байх ёстой гээд нормын хувцас шиг тараагаад байвал энэ соёл урагшлахгүй. Тэгээд ч үндэсний мөн чанарыг нормын хувцас шиг тараах боломжгүй.
Соёлт нийгэмд энэ маргааныг яаж шийддэг гээч. Төр бүх зүйлд гар дүрэхгүйгээр иргэний нийгмийн байгууллага, тухайн спортын байгууллагыг нь, уяач, унаачидтай нь ширээний ард суулгачих. Төр орчин нөхцөл бүрдүүлж өг, аяндаа зүй тогтол, хувь заяагаараа урагшилчихна...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна