“Ирээдүйн өвлөн уламжлагчид” нэртэй хүүхдийн өргөө Налай дүүргийн Тайж хайрхан бэлд наймдугаар сарын 16, 17, 18-ний өдөр зохион байгуулагдахаар боллоо.
Тус өргөөнд домогт Луун товог үр хойчсод түүх өгүүлж, үлгэрт гардаг үлэмж биетнүүд амилах аж.
Тал нутгийн нүүдэлчид хур бороо салхинд идэгдсэн, гуу жалганаас гарсан аварга том амьтны ясыг үлгэр домогт гардаг лууны яс хэмээн төсөөлөн үздэг байв. Тиймээс 250 сая жилийн тэртээ Монголын их говийг хөвөөлөн бэлчиж байсан үлэмж биетнүүдийн зам мөр бүхий дурсгалт газрыг "Луун товог" хэмээх аж. Дундад төрмөлийн эринийг одоод амилуулж, өвийг баяжуулсаар буй эдгээр газраас олон сая жилийн турш хадгалагдсан үлэг гүрвэлийн олдворууд олноор олдсоор байгаа нь үлэг гүрвэлийн өлгий хэмээх шинэ агуулгаар Монголын нэрийг дахин дуурсгаж байна.
Байгалийн болон соёлын өвийг хамгаалах, өвийн тухай мэдлэг мэдээллийг таниулан сурталчлах, хойч үедээ өвлүүлэх зорилгоор Хүүхдийн төв номын сан Нүүдэлчин наадамд Үлэг гүрвэлийн ертөнцийг дэглэж, үлэг гүрвэлийн тухай танин мэдэхүйн сургалт танилцуулга, олдвор загварын үзэсгэлэн, виртуал аялал, уралдаан тэмцээн, зөөврийн номын сан гээд баялаг хөтөлбөрийг багачууддаа бэлтгэжээ. Үлгэрийн үлэг гүрвэлийг амилуулан үүдэндээ байршуулж, эрт цагийг эзэгнэсэн сүр хүч, гайхалтай ертөнцөөр хамтдаа зугаацан хөгжих, танин мэдэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна