Хип хоп артист Лимит Кинг “Мото Ганг” нэртэй дуугаа цацаад дөрвөн хоног боллоо. Энэ дуунд тэрбээр цагдаатай маргалдаж буй хэсгийг албаар ашиглажээ. Тодруулбал, Цагдаа Лимит Кинг-д бичиг баримтаа шалгуулахыг шаардсаны хариуд нь “Миний бүх юмыг шалгах уу? Цус шалгах уу? Шээс шалгах уу? Юу шалгах уу? Та нар. Би Монгол Улсын иргэн биш” гэж хэлж буй дүрс гардаг.
Уг хэсэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна. Төрийн цагдаатай харилцааны зөрчил гаргасан хэсгээ дуундаа оруулж “Пи Ар” хийдэг ёс суртахуунгүй артистыг манай улсаас харж болно.
Азийн Улс орнууд урлагийн ёс суртахуунд ихэд нухацтай ханддаг. Тухайлбал, К-pop алдартан үерхлийн цуурхалд өртөх төдийд фенүүдээсээ уучлалт хүсдэг. Түүнчлэн өмнө хүүхэд дээрэлхэх, хүний эрхэнд халдах, ёс суртахуунгүй үйлдэл гаргасан нь ичлэгдвэл босгосон карьер нь унаж, дахин урлагт хөл тавих боломжгүй болдог. Энэ шаардлага зөвхөн урлагт тавигддаггүй.
Тодруулбал, 2021 онд Өмнөд Солонгосын зах зээлд орлогоороо гуравт жагсдаг сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Namyang Dairy Products Co компанийн ерөнхийлөгч Хон Вон Сик “худал мэдээлэл тараасан” гэх шалтгаанаар уучлалт хүсэж, огцорч байв. Энэ мэтчилэн ёс суртахуун, хариуцлагад өндөр шаардлага тавьдаг улс зөвхөн Солонгос биш.
Хип хоп хөгжмийн урсгал баруунаас гаралтай учир хараал хэлэх, нүцгэлэх, тамхи, архи зэргийг нээлттэй үзүүлдэг илүү ардчилсан хэв маягтай байдаг. Гэсэн хэдий ч АНУ-ын Холливүүдийн “А” зэргийн алдартнууд хуульд хүндэтгэлтэй хандаж, цагдаагийн шаардлагыг нь ёсчлон биелүүлдэг ухамсартай. Жишээлбэл, Алдарт дуучин Ники Минаж энэ оны тавдугаар сард Английн Манчестер хотын буудлын гадаа хар тамхи авч яваад цагдаа нарт баригдсан ба үг бүрийг нь ёсчлон биелүүлсэн бичлэг бий. Үүний дараа тэрбээр тус хотод хийх тоглолтоо цуцалж, сонсогч нараасаа албан ёсны уучлалт гуйж байв.
Харин манай урлагийн салбарын олны танил эрхмүүд зохисгүй үйлдэлдээ гэмшихгүй эсрэгээрээ гайхуулж буй мэт клипэндээ ашиглаж эхэллээ. Хүн бүр хуулийг хүндэтгэн дээдлэх ёстой гэдгийг ухамсарлах ёс суртахуун манай улсад дутагдаж буйг реппер Лимит Кинг-ийн жишээнээс харж болно.
Сэтгүүлч: А.Булганчимэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна