Өнөөдөр Монгол улсын баатар жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдөр тохиож байна

2024/02/02

Өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 131 жилийн ойн өдөр тохиож байна.Д.Сүхбаатар 1893 оны хоёрдугаар сарын 2-нд тэр үеийн Маймаа (одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Тэрбээр 1922 оны долдугаар сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдож, 1923 оны арваннэгдүгээр сард Зөвлөлт Орос Улсад очин хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзсан байна. Үүнээс хойш улс орныхоо төлөө тасралтгүй зүтгэж яваад 1923 оны хоёрдугаар сарын 20-нд 33 настайдаа хорлогдож таалал төгсчээ.

ИХ ЖАНЖИН ДАМДИНЫ СҮХБААТАРЫН ХЭЛСЭН ҮГ БҮРНЭЭРЭЭ

... Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ...

Бидний улс эв саналыг нэгтгэн,
Нийт нэгэн хүчнийг нийлүүлэн
Нэгэн зэргээр зориглон хөдөлбөл,

Үл хүрэх газаргүй бөгөөд
Мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж,
Гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч,
Учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг

Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.

Ташаагүй үнэн болохыг би батлан өгүүлнэ.

 Д. СҮХБААТАРЫН МОРЬТОЙ ХӨШӨӨ:Төр, цэргийн зүтгэлтэн, 1921 оны ардын хувьсгалыг удирдан зохион байгуулагчдын нэг Д.Сүхбаатарын алдар гавьяаг мөнхжүүлэх дурсгалын хөшөөг МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны 2-р сарын 2-ны өдрийн 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулах шийдвэр гарч, мөн оны 7-р сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хөшөөний нээлтийг хийжээ. Хөшөөний эх загварыг уран барималч С.Чоймбол гаргаж, зураач Л.Намхайцэрэн, Д.Чойдог, барималч Н.Жамбаа, Д.Дамдиймаа, А.Даваацэрэн, Данзан, Нацаг, Лхамсүрэн нарын уран бүтээлчид хамтран бүтээжээ. Хөшөө нь нийт 12 метр өндөр бөгөөд үүнээс байц хадыг дүрсэлсэн суурь хэсэг нь 8 метр, морь унасан жанжны баримал 4 метр өндөртэй.

 Сүхбаатарыг дөрөөн дээрээ өндийн зогсоод баруун гараа өргөж, ард түмнээ шинэ ялалт амжилтад уриалан дуудаж байгаагаар дүрсэлжээ. Хөшөөг байц хэлбэрийн өндөр чулуун суурин дээр байрлуулж, нүүрэн талд нь Д.Сүхбаатарын хэлсэн “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс, үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үгийг уйгуржин монгол бичгээр товойлгон сийлсэн байдаг. Байц хад хэлбэрт өндөр бетон суурийн хоёр талд хувьсгалын ялалтын үйл явдлыг товойлгон дүрсэлжээ. Хөшөөг тойрсон 14 чулуун арсланг ардын уламжлалт ур маягийн дагуу хийж, төмөр гинжээр холбосон байдаг. Арслангуудыг холбосон ширмэн гинжийг тухайн үеийн төмрийн заводын дарга Г.Батсүх удирдан хийлгэсэн.

 

Байршил: Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Чингис хааны талбай

Хамгаалалтын зэрэглэл: НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2007 оны 197-р тогтоолоор Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авсан.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна