"Смарт" сургуулийн үйл ажиллагаа явуулж байсан обьект нь дуучин Т.Баясгалангийн нэр дээр бүртгэлтэй хэдий ч түрээслэгч болох "Смарт" сургууль түрээсийн төлбөрөө төлөхгүй, обьектыг өмчлөгчид нь буцаан өгөхгүйгээр, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тухай мэдээлэл хэвлэлээр өмнө нь олонтаа гарч байсан.
Тэгвэл, обьектын түрээсийн төлбөрөө төлдөггүй гэх шалтгаанаар маргаан үүсгээд байсан Ерөнхий боловсролын "Смарт" бүрэн дунд сургуулийн үйл ажиллагаа явуулж байсан обьектоо иргэн Т.Баясгалан буцаан авчээ.
Эргэн сануулахад, Ерөнхий боловсролын "Смарт" бүрэн дунд сургуулийн тусгай зөвшөөрлийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр түдгэлзүүлэх захирамжийг Нийслэлийн засаг дарга гаргаад байсан юм.
Иймд Дуучин Т.Баясгалан өөрийн өмчлөлийн байраа буцаан авч, "Смарт" сургуулийг өөрийн өмчийн барилгаас гаргаж цаашид эцэг эхчүүдийг хохироохгүйн тулд ийм алхам хийсэн байна.
Өмнө нь түрээсийн төлбөрөө төлдөггүй "Смарт" сургуулиас өөрийн обьектоо буцаан авч болох байсан хэдий ч нэгэнтээ элсэлт авсан байсан учраас сурагчдыг хохироохгүйн тулд тус сургуульд обьектоо ашиглуулж, асуудалд хүлээцтэй хандаж байжээ.
Баримтаас харахад, "Смарт" сургууль нь өмчийн маргаантай, өөрийн нэр дээрх сургуулийн байргүй ч өөрийн байртай хэмээн зар тавьж, өнгөрсөн хугацаанд эцэг эхчүүдийг хуурч элсэлт авсаар байсан юм. Энэ нь цаашид хичнээн ч эцэг эх, сурагчдыг хохироож болзошгүй байлаа.
"Смарт" сургуулийн боловсролын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг түдгэлзүүлсэн учраас цаашид эцэг эхчүүд хүүхдээ сургуульд өгөхдөө тус сургууль өөрийн эзэмшлийн байртай эсэх болон боловсролын байгууллагад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхаарч байх шаардлагатай байгааг анхааруулая.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна