Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Л.Дашдэмбэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тухайлбал, Ковидын тухай хууль дуусгавар болсноор агентлагийн дарга нарыг чөлөөлж, дараагийн даргын томилгоог хийхээр болжээ. Л.Дашдэмбэрэл нь өнгөрсөн жил хуулийн байгууллагаас шалгаж байсан юм. Тодруулбал, тэрбээр газрынхаа албан тушаалтнуудтай хамтарч аж ахуйн нэгжийнхээ дансаар их хэмжээний мөнгө гарган авч завшиж, “угаасан” байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан байдаг. Улмаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд ХХҮЕГ-ын байранд болон компьютер, санхүүгийн бичиг, дансны хуулгуудыг нь нотлох баримт болгон хурааж, Л.Дашдэмбэрэлээс мэдүүлэг, тайлбар авсан.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэлтэй хамт Санхүү, төлөвлөлтийн газрын дарга Б.Цэрэндаваа, тус газрын Төсвийн үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн М.Мэндбаяр, Тамгын газрын албан тушаалтан Д.Ичинноров нар шалгуулсан байдаг. Тэднийг бүлэглэн өөрсдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд рүү 200 сая, аймгуудын Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс рүү 400 сая, нийт 600 сая төгрөг шилжүүлж, уг мөнгөө буцаан авч ашиглан, гүйцэтгэлийг хуурамчаар гаргаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж шалгасан хэвээрээ байна. Цар тахлын улмаас улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүндэрсэн үед буюу 2020-2021 онд ХХҮЕГ-аас өрхийн амьжиргааны түвшний үнэлгээг улсын хэмжээнд дахин хийнэ гэх нэрээр, 400 сая гаруй төгрөг зарцуулна хэмээн завшсан газрын даргыг ийнхүү чөлөөлж, дараагийн даргын томилгооны сунгаа эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна